
Зургийг: Anindito Mukherjee/Bloomberg
(Bloomberg) -- Ган бол өнөө цагийн хамгийн чухал тавааруудын нэг. Хэдий тийм боловч ган үйлдвэрлэх процесс нь дэлхийн дулаарлыг өдөөгч нүүрстөрөгчийн давхар ислийн томоохон эх үүсвэр болдог. Түнийг орлуулах боломжтой цор ганц бодит шийдэл нь сэргээгдэх эрчим хүч болон үйлдвэрлэлийн илүү үр ашигтай технологи ашигладаг “ногоон" ган аж.
Автомашин үйлдвэрлэгчид, барилгын компаниуд зэрэг томоохон үйлчлүүлэгчид нь ган үйлдвэрлэгчдэд уур амьсгалд илүү ээлтэй технологи хөгжүүлэх шахалт үзүүлсээр байгаа ч “ногоон" ган нь уламжлалт гангаас хамаагүй өндөр өртөгтэй, ховор бүтээгдэхүүн хэвээр.
Сорилт хэр том бэ?
Гангийн салбар дэлхийн нүүрстөрөгчийн нийт ялгаруулалтын долоо орчим хувийг эзэлдэг. “McKinsey & Co”-ийн тооцоолсноор ялгарлыг бууруулах ирэх жилүүдийн зорилтод хүрэхэд дэлхийн хэмжээнд 1650 гангийн үйлдвэрийг “нүүрстөрөгчгүйжүүлэх” ёстой аж.
Уламжлалт гангийн үйлдвэрлэл нь хоёр удаа нүүрстөрөгч ялгаруулдаг. Эхнийх нь нүүрсийг халааж кокс болгох үед, дараа нь цельсийн 2000 хэм хүртэлх температуртай шатаах зууханд кокс шатааж, төмрийн хүдрийг хайлуулах үед ялгаруулдаг байна. “BloombergNEF”-ийн таамаглалаар дэлхийн гангийн нийт эрэлт 2050 он гэхэд 18 хувиар өсөх төлөвтэй.
Мөн төмрийн салбарыг энэ зууны дунд үе гэхэд нүүрстөрөгчийн ялгаралгүй болгохын тулд ойролцоогоор 1.4 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдахыг 2022 онд “Wood Mackenzie” тооцоолж байжээ.
"Ногоон" ган гэж юу вэ?
Энэ төрлийн гангийн эцсийн бүтээгдэхүүн нь энгийн гангаас ялгарах зүйл үгүй. Харин үйлдвэрлэх арга нь “ногоон” гангийн гол ялгаа болдог. Тус салбарт үйлдвэрлэлийн хэд хэдэн технологи одоогоор туршигдаж буй. Тухайлбал: сэргээгдэх эрчим хүч ашиглан гаргаж авсан ногоон устөрөгчөөр коксжих нүүрсийг орлуулах арга бий. Мөн ургамал, амьтнаас үүдэлтэй биомассыг орлуулагч түлшээр ашиглахаар туршиж байгаа аж.
Ялгарлыг бууруулах өөр нэг арга нь дахин боловсруулалт гэж ган үйлдвэрлэгчид үздэг. Хаягдал металлыг цахилгаан зууханд хайлуулах нь төмрийн хүдэр хайлуулж шинэ ган үйлдвэрлэхээс бага хэмжээний эрчим хүч шаарддаг учраас тэр аж. Цаашлаад зуухыг ажиллуулах эрчим хүч сэргээгдэх эх үүсвэрээс үүсэлтэй бол ялгарлыг бүр ч ихээр бууруулах боломжтой.
Хамгийн том саад нь юу вэ?
Шинэ үйлдвэр барих, эсвэл хуучин үйлдвэрийг шинэчлэхэд өндөр зардал гарах тул үйлдвэрүүд зөвхөн дорвитой өгөөж хүртээж чадна гэж тооцоолсон үедээ л хөрөнгө оруулалт хийх магадлалтай. Өөрөөр хэлбэл ган үйлдвэрлэгчид болон тэднийг санхүүжүүлэх банкнууд ногоон ган нь энгийн гангаас хангалттай өндөр үнэтэй байж, шилжилтээс алдагдал бус ашиг олно гэдэгт итгэлтэй байх шаардлагатай. Харин худалдан авагчдын хувьд хангалттай сэдэл, урамшуулал байж л тэрхүү өндөр үнийг хүлээн зөвшөөрөх юм.
Lars Paulsson, Jack Ryan