
Зургийг: mongolia.gov.mn
Улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт энэ долоо хоногтоо буурахгүй, улам нэмэгдвэл ирэх долоо хоногоос цахимд шилжүүлэхийг Засгийн газраас үүрэг болголоо.
Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний дэгдэлт эрчимжиж байгаа тул ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын эхлэх хугацааг 14 хоногоор урагшлуулах санал гаргаад байсан юм.
47 дугаар долоо хоногт томуу, томуу төст өвчний үүсгэгчийн 60.5 хувийг томуугийн "A" хүрээний H3N2 вирус эзэлж буй бөгөөд А(H3N2) вирусийн бүрэн геномийн дараалал тогтоох шинжилгээгээр "subclade K" дэд хэв шинж тодорхойлогдож буй нь хүүхдэд илүү өвчлөл үүсгэх эрсдэлтэй байна. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн оргил үе нь 51 дэх долоо хоног буюу сурагчдын амралт эхэлсэн хойно байх ба хүндрэл ихтэй өвчлөл хэт тархах буюу их нэрвэгдэх эрсдэлтэй байгаа тул тархалтыг урьдчилан бууруулан намжаахын тулд сурагчдын өвлийн амралтыг хоёр долоо хоногийн өмнө байхаар тохируулах саналтай байгааг Эрүүл мэндийн яам тодотгосон юм.
Харин Боловсролын яамнаас Эрүүл мэндийн яамны гаргасан сурагчдын амралтын эхлэх хугацааг урагшлуулах саналыг шууд хүлээн авах боломжгүй гэж мэдэгдсэн байна. 12 дугаар сарын нэгнээс сурагчдыг амраавал ид хүйтний үед амралт дуусаж, хичээл цуглана. Тэр үед томуу, томуу төст өвчин дэгдвэл яах вэ гэдэгт баталгаа өгөх боломжгүйг тодотголоо.
Бага ангийн сурагчдын I улирлын амралт 12 дугаар сарын 15-нд, дунд ангийн сурагчдынх 12 дугаар сарын 22-ноос эхлэхээр байгаа юм.
2017-2018 он болон 2024-2025 оны томуу, томуу төст өвчний хөдлөл зүйгээр ерөнхий боловсролын сургуулийн өвлийн амралтын хугацаатай харьцуулж, амралтын хугацааг хоёр долоо хоног урагшлуулахад өвчний тохиолдол хоёр дахин буурч, тархалтын хурд саарсан үзүүлэлттэй байсныг салбарын яам нцлов.
Томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт л гэхэд нэг шөнө 417 хүүхэд ирсэн байна. Хоногт 240 гаруй хүүхэд ирдэг байсан бол сүүлийн 24 цагт ачаалал хоёр дахин нэмэгдээд байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлэх орны ачаалал хэтэрсэн тул Баянзүрх дүүргийн харьяалалтай томуугийн шалтгаантай үйлчлүүлэгчдэд ХӨСҮТ-д тусламж үйлчилгээ үзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ хүрээнд халдвартын клиникийн дөрвөн тасагт нийт 97 ор дэлгэжээ.
Түүнчлэн Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт сүүлийн 24 цагт 538 хүүхэд ирсний 80 хувь нь тав хүртэлх насны хүүхэд байсан байна. Эмнэлгийн ачаалал энгийн үеэс мөн л хоёр дахин нэмэгдээд байгаа аж.