logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Т.Тэргэл
    Мөнгөний нийлүүлэлт ₮2.9 их наядаар нэмэгдэхэд төгрөгийн хадгаламж 15.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 18 15:00
    176

    Зургийг: С.Батсайхан

    Иргэд, аж ахуйн нэгжид олгосон зээлийн үлдэгдэл 43.8 их наяд төгрөг хүрч, 23.5 хувиар өсөв

    Мөнгөний нийлүүлэлт (М2) эргэн эрчимжиж эхэллээ. Аравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 45 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөг буюу долоон хувиар өссөн байна. Үүнд төгрөгийн хадгаламж 3.2  их наяд төгрөгөөр буюу 15.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

    Өнгөрсөн оны эцсээс эхлэн инфляц эрчимжсэнээр бодлогын хүү нэмэгдэж, мөнгөний нийлүүлэлт зургаадугаар сард цар тахлаас хойших хамгийн сул өсөлтөө үзүүлсэн юм. Харин наймдугаар сараас хойш ийнхүү өсөлт бага багаар хурдассаар байна.

    19-5.JPG

    Есдүгээр сард боловсролтой холбоотой аяллын зардал өсөхтэй зэрэгцэн валютын харилцах данс дахь мөнгөний хэмжээ эрс буурчээ. Аравдугаар сард ч үргэлжлэн таван хувиар буурч, 4.6 их наяд төгрөг хүрсэн байна.

    Харин нийт зээлийн үлдэгдэл 43.8 их наяд төгрөг хүрч,  өмнөх оны мөн үеэс 8.3 их наяд төгрөг  буюу 23.5 хувийн органик өсөлт үзүүллээ. Өмнөх сараас 733.6 тэрбум төгрөг буюу 1.7 хувиар өсжээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 59.7 хувь нь иргэд, 38.7 хувь нь хувийн байгууллага, 0.6 хувь нь Төрийн байгууллага, 0.9 хувь нь санхүүгийн байгууллага болон бусад байгууллагынх байна.

    III улиралд аж ахуйн нэгжийн зээлийн шалгуурын индекс бага зэрэг суларснаар тэдгээрт олгосон зээлийн хэмжээ хамгийн өндөр буюу 32.9 хувийн өсөлттэй байсан аж.

    19-6.JPG

    Харин зөвхөн барилгын салбарын зээлийн шалгуур болон нөхцөл зэрэг өсөж, тус салбарын жигнэсэн дундаж хүү хамгийн өндөр түвшинд байна. Цаашид энэ оны IV улиралд ч тухайн  салбарын шалгуур болон нөхцөл үргэлжлэн өсөх төсөөлөлтэй байгааг Монголбанк танилцуулсан юм.

    Оны эцэст хүртэл аж ахуйн нэгж болон иргэдийн зээлийн эрэлт бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Аж ахуйн нэгжүүдээс хөдөө аж ахуй болон худалдаа үйлчилгээний салбарын зээлийн эрэлт харьцангуй өндөр байхаар байна.

    Cэтгэгдэл бичих