
Зургийг: Э.Тэнгис
Монголын Хөрөнгийн бирж дэх хувьцааны арилжаа дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр эрчтэй хоёр долоо хоногийг өндөрлүүллээ.
11 дүгээр сарын эхний 10 арилжааны өдөр 5.6 тэрбум төгрөгийн хувьцаа арилжаалагдаж, хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулагчдын идэвх нэмэгдсээр байна.
Нийт хувьцааны арилжааны 1/4-ийг ХААН Банкны хувьцаа бүрдүүлж байна. Дотоодоос тус компанийн хувьцааны хөрвөх чадвар харьцангуй өндөр байдаг бөгөөд аравдугаар сарын эцсээр тус компани “FTSE Frontier Index”-д багтжээ. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд хувьцааны ханш 3.7 хувиар өссөн дүнтэй байна.
Түүнчлэн “Премиум Нексус” ХК хувьцаагаа эргүүлэн худалдан авч буй энэ үед арилжааны идэвх эрс нэмэгджээ. 11 дүгээр сарын арилжааны 10 өдөр 848 сая төгрөгийн хувьцаа арилжаалагдсан нь энэ оны эхний 10 сарын дундаж үзүүлэлтээс дөрөв дахин нэмэгдсэн үзүүлэлт болж байна.
Эргүүлэн худалдан авах үнэ 350 төгрөгт тогтоогдсон нь ханшид томоохон дэмжлэг болж, энэ сард 49 хувиар өсөөд байгаа юм.
Зах зээлийн бусад гол индикаторуудын хөдөлгөөнийг харвал ТОП-20 индекс нэлээдгүй өндөр өсөлттэй байна. Аравдугаар сарын доод түвшнээс одоогийн байдлаар 6.2 хувиар өсөж, сүүлийн найман сарын дээд түвшинд хүрлээ.