
Зургийг: С.Батсайхан
Монгол Улсын эдийн засгийн тэлэлт эрчимжиж, дотоодын нийт бүтээгдэхүүн оны эхний есөн сард 5.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өсөлт Монголбанкнаас явуулсан судалгаанд шинжээчдийн дундаж төсөөлөл 5.4 хувь байснаас өндөр дүнтэй гарсан байна.
Энэ онд уул уурхайн салбарын удаашралаас шалтгаалан эдийн засгийн өсөлт саарах эрсдэлтэй байсан ч дотоодын нийт бүтээгдэхүүний хагас жилийн гүйцэтгэл таамаглаж байснаас хол давснаар шинжээчдийн III улирлын төсөөлөл 3.6 хувиас 5.4 хувьд хүрээд байсан юм. Таамаглал эвдсэн өсөлт хадгалахад хөдөө аж ахуйн салбар тэргүүлэх үүрэг гүйцэтгэжээ.
Оны үнээр үйлдвэрлэлийн аргаар тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүн III улирлын байдлаар 60.1 их наяд төгрөг хүрсэн байна.
III улиралд уул уурхайгаас бусад салбар өсөлтийн хурдаа хадгалж, ялангуяа хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг бодит дүнгээр 33.8 хувиар нэмэгдсэн нь нийт өсөлтийн 3.4 нэгж хувийг бүрдүүллээ. Өнгөрсөн онд зудаас үүдэлтэй хөдөө аж ахуйн салбарын агшилт эдийн засгийн өсөлтийг хойш татаж байсан бол энэ онд дотоодын эдийн засагчид, олон улсын байгууллагуудын төсөөллийн дагуу хурдацтай сэргээд зогсохгүй гол хөдөлгүүр нь болж байна.
Тайлант хугацаанд эдийн засгийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг өрхийн хэрэглээ 34.5 их наяд төгрөг хүрч, бодит дүнгээр 9.7 хувиар өссөн нь өнгөрсөн оны мөн үеийн өсөлтөөс саарсан үзүүлэлт боллоо. Хэдий тийм боловч инфляцын түвшин Төв банкны зорилтоос өндөр байгаа үед айл, өрхүүд хэрэглээгээ төдийлөн танаагүй байгааг харуулж байна.