
Зургийг: С.Батсайхан
Уул уурхайн бус салбар нь 2024 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 87 орчим хувь, нийт экспортын 7.2 хувийг бүрдүүлснийг Монголбанк мэдээллээ.
Нийт ажиллах хүчний 75 хувь нь тус салбарт ажиллаж байгаа бөгөөд сарын дундаж цалин нь уул уурхайн салбарынхаас 2.4 дахин бага байна. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 25 хувийг эзэлж, 94 мянга гаруй аж ахуйн нэгж тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буйг тодотгов.
Монгол Улсын эдийн засаг уул уурхайн экспортын орлогоос ихээхэн хамааралтай, түүхий эдийн үнэ, гадаад, дотоод орчны өөрчлөлтөд эмзэг хэвээр байна. Иймд уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл, экспортод ихээхэн анхаарал хандуулах шаардлага тулгарч байгааг Монголбанк онцоллоо.
Монгол Улс жилд 10 мянга орчим тонн ноолуур, 30 мянга орчим тонн ноос бэлтгэдэг. Хэдий тийм боловч түүхий ноолуурынхаа 8.4 хувийг л эцсийн бүтээгдэхүүн болгон экспортолж байна.
Мөн жилд дунджаар 400 орчим сая ам.долларын хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүн экспортолдог. Түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжсэнээр экспортын орлогыг 3-4 дахин нэмэгдүүлэх боломжтой. Тухайлбал: энэ оноос зөвхөн самнаж боловсруулсан ноолуур экспортод гаргаж эхэлсэн. Самнасан ноолуурын хилийн дундаж үнэ угаасан ноолуураас 1.8 дахин үнэтэй байна.
Экспортыг нэмэгдүүлэхэд бүтээгдэхүүнээ гаднын стандартад нийцүүлэх нь томоохон сорилт гэдгийг салбарынхан тодотгож байгаа юм.
Боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих зээл, санхүүгийн нөхцөл харьцангуй таатай байгаа ч бага хэмжээтэй олгогдож байна. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд аравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 473.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 168 зээлдэгчид олгожээ.
Цаашид ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихэд аж ахуйн нэгжүүдийн боломжид тохирсон санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүнийг өргөн хүрээнд нэвтрүүлэх шаардлага байгааг Монголын Банкны Холбоо тодотгож байна.