
Зургийг: Chris Welch/Bloomberg
(Bloomberg) -- Баасан гарагийн өглөө Нью-Йорк хотын Сохо дүүрэгт байрлах “Apple”-ийн дэлгүүрийн гадна тус компанийн дөнгөж танилцуулсан, цөөн тоогоор худалдаанд гаргасан бүтээгдэхүүнийг авахаар хүмүүс урт дараалал үүсгэжээ. “iPhone” гар утсанд зориулагдсан, 230 ам.долларын үнэтэй энэхүү хүүдийг “энгийн даавууны өөдөснөөс санаа авч хийсэн” гэж компанийн зүгээс тайлбарлаж байна.
“iPhone Pocket” нэртэй энэхүү бүтээгдэхүүн нь зүүж авч явах зориулалттай мөрөвчтэй хүүдий юм. Тус хүүдийг Японы алдарт брэнд “Issey Miyake”-тай хамтран бүтээжээ. “Issey Miyake” нь “Apple”-ийн хамтран үүсгэн байгуулагч Стив Жобсын үргэлж өмсдөг байсан хоолойтой хар цамцыг үйлдвэрлэснээрээ алдартай. Мөн тус брэнд зах зээлд хэдийн байр сууриа бэхжүүлж, үнэнч хэрэглэгчдийн бааз суурьтай болсон учир шинэ бүтээгдэхүүнүүд нь “Supreme”, “Nike”-ийн нэгэн адил өндөр хүлээлт, урт дараалал үүсгэдэг аж.
“Issey Miyake-ийнх болохоор загвар нь үнэхээр догь санагдаж байна. Загвар зохион бүтээгчийн хувьд би үнэхээр дурласан. Худалдаанд гармагцаа дууссан гэж сонсоод авах хүсэл улам төрсөн” хэмээн Нью-Йорк хотын 26 настай загвар зохион бүтээгч Ли Айзнер хэлж байна. “Issey Miyake”-ийн цамц, өмд гээд хэд хэдэн бүтээгдэхүүнтэй тэрбээр хар өнгийн хүүдийнээс нь авах гэж ирсэн ч нь хэдхэн минутын өмнө зарагдаж дууссан байжээ.
“iPhone Pocket”-ийг хоёр өөр хэмжээтэйгээр санал болгож буй. Богино нь 150 ам.доллар, урт нь 230 ам.долларын үнэтэй. Түүнчлэн өнгөний өргөн сонголттой, бүх төрлийн “iPhone”-д таарах тусгай 3D нэхмэл бүтэцтэйгээр хийгджээ. Сунадаг бүтэцтэй тул “AirPods”, уруул өнгөлөгч зэрэг жижиг хэмжээтэй эд зүйл багтааж чадах ч гаднаасаа хэлбэр нь онцгүй харагдах тохиолдол бий. Бүтэц, хэмжээний хувьд каратэгийн бүстэй төстэй тул биедээ зүүх, цүнхэндээ уях зэргээр олон янзаар хэрэглэх боломжтой.
“Apple”-ийн мэдээлснээр дэлхий даяар ердөө 10 дэлгүүрт дээрх бүтээгдэхүүнийг бэлнээр худалдаалах аж. АНУ-д зөвхөн Нью-Йоркийн Сохо дахь дэлгүүрт зарагдаж байгаа бол бусад нь Лондон, Милан, Токио, Хонконг, Парис зэрэг томоохон хотод худалдаалагдах аж.
Түүнчлэн “iPhone Pocket”-ийг цахимаар худалдаалсан ч баасан гарагийн өглөө гэхэд бүх өнгө болон хэмжээ нь “нөөцгүй” болсныг мэдээлсэн байна.
Samantha Kelly