
Зургийг: southgobi.com
Монголд “Овоот толгой” уурхай, “Сүмбэр” болон “Заг сүүж”-ийн ордыг эзэмшдэг “SouthGobi Resources” компани ашгаас алдагдал руу шилжсэнийг 2025 оны III улирлын санхүү, үйл ажиллагааны тайлан нь харууллаа.
Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “SouthGobi Resources” компани энэ оны III улиралд 1.1 сая ам.долларын үйл ажиллагааны орлоготой ажилласнаа тайлагналаа. Энэ нь өмнөх оны мөн үеийн 27.7 сая ам.доллароос 96 гаруй хувиар эрс буурсан үзүүлэлт болж байна.
Тайлант хугацаанд тус компанийн борлуулалт гурван сая тонн буюу түүхэн дээд түвшинд хүрсэн ч нүүрсний үнэ буурсан нь орлогын уналтад голлон нөлөөлжээ. БНХАУ-ын нүүрсний зах зээл 2024 оноос хойш тогтворгүй, сорилт ихтэй байснаар нүүрсний борлуулах дундаж үнэ тонн нь 67.8 ам.доллароос 27.7 хувиар буурсан байна.
Зах зээлийн эрэлтэд тулгуурлан “SouthGobi Resources” компани 2024 оноос уул уурхайн үйл ажиллагаагаа тэлж, нүүрс боловсруулах аргачлалуудаа нэмэгдүүлэхэд төвлөрч ажилласнаа онцоллоо. Ингэснээр үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэж, ашиг буурахад жин дарсан байж болзошгүй байна.
Эдгээр хүчин зүйлтэй холбоотойгоор 2024 оны III улиралд 10 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан “SouthGobi Resources” компани энэ оны III улиралд долоон сая ам.долларын алдагдал хүлээжээ.
Үүнээс гадна “SouthGobi Resources”-ийн Монгол дахь охин компани “SouthGobi Sands”-тай холбоотой татварын маргаан дээр шүүхийн эцсийн шийдвэр гарлаа.
Монголын Татварын ерөнхий газраас “SouthGobi Resources”-д ногдуулсан татварын торгуулийг 80 сая ам.доллар болгон нэмэгдүүлээд байсан ч тус компанийн Давж заалдах шатны ажиллагааны үр дүнд татварын Маргаан шийдвэрлэх зөвлөлөөс торгуулийг 26.5 сая ам.доллар болгон бууруулсан байна.
Зарим татварын албан тушаалтнууд энэхүү шийдвэрийг хүчингүй болгохыг оролдсон ч Анхан шатны шүүх болон Давж заалдах шатны шүүх хоёул гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэр эцэслэгджээ.
“SouthGobi Resources” компани өнөөдрийг хүртэл 21 сая ам.долларын төлбөр төлөөд байгаа аж. Үлдсэн төлбөрийг үйл ажиллагааны орлогоосоо барагдуулах төлөвтэй байгаагаа дурджээ.
Эдгээр мэдэгдлийн дараа “SouthGobi Resources”-ийн хувьцааны ханш даваа гарагт 4.7 хувиар өслөө. Оны эхний хагаст тус компанийн хувьцаа эрчимтэй буурч байсан бол хоёрдугаар хагасаас эхлэн сэргэж, 2.44 хонконг доллар хүрсэн байна.