
Зургийг: Juan Carlos/Bloomberg
(Bloomberg) -- Ердөө сар гаруйн өмнө бүх цаг үеийн дээд түвшинд хүрч байсан “Bitcoin”-ийн ханш доошилсоор энэ он гарснаас хойш олж авсан 30 гаруй хувийн өсөлт нь бүхэлдээ арчигдаад байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа виртуал хөрөнгөд ээлтэй бодлого баримтлах хүлээлтэд хөтлөгдсөн арилжааны өндөр идэвх аажмаар замхарч, зарах хөдөлгөөн эрчимжсэн нь үүнд нөлөөлжээ.
Дэлхийн хамгийн том криптовалютын ханш ням гарагт 93,714 ам.доллар болж, 2024 оны сүүлийн хаалтын ханшнаасаа доогуур түвшинд очжээ. Аравдугаар сарын зургаанд “Bitcoin”-ийн ханш түүхэн дээд түвшин 126,251 ам.доллар хүрсэн ч энэ түвшнээ ердөө дөрвөн өдрийн турш хадгалж, Дональд Трамп тарифтай холбоотой гэнэтийн мэдэгдэл хийсний дараагаас эрс унаж эхэлсэн юм.
"Зах зээлийн ерөнхий төлөв эрсдэлээс зайлсхийсэн байдалтай байна. Үүний нөлөөлөл хамгийн түрүүнд криптовалютад илэрдэг учраас эхний цохилт нь “Bitcoin”-д очлоо" хэмээн “Bitwise Asset Management”-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Мэтью Хоуган онцолжээ.
Сүүлийн нэг сарын хугацаанд биржээр арилжаалагддаг сангууд, хөрөнгө оруулалтын фирмүүд зэрэг гол худалдан авагчид нь уг зах зээлээс алгуур холдсоноор “Bitcoin”-ийн ханш дээд түвшиндээ хүрэхэд гол дэмжлэг болж байсан хөрөнгийн урсгал татарсан байна.
Үүний зэрэгцээ технологийн салбарын хувьцаануудын өндөр өсөлт хөрсөн нь хөрөнгө оруулагчдын эрсдэл хүлээх сонирхлыг бууруулжээ.
Olga Kharif, David Pan