logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл I-X сарын гүйцэтгэлээр ₮1.6 их наядын алдагдалтай байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 17 10:00
    312

    Зургийг: С.Батсайхан

    Улсын нэгдсэн төсвийн зарлага I-X сард 24.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсөв

    Өмнөх оны мөн үед 1.5 их наяд төгрөгийн ашигтай гарч байсан улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа.

    Тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар буурсан бол зарлага нь 11.3 хувиар  буюу 2.5 их наяд төгрөгөөр өсжээ.

    Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 23.3 их наяд төгрөг хүрснээс 21.4 их наяд төгрөгийг татварын орлогоор бүрдүүлсэн байна.

    Татварын орлого 21.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлээс дөрвөн хувиар буурсан бөгөөд 2023 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 21.3 хувиар өсжээ.

    Татварын орлого буурахад АМНАТ 45.4 хувиар, орлогын албан татвар 6.2 хувиар буурсан нь нөлөөллөө.

    Нөгөө талдаа нийгмийн даатгалын орлого 18.3 хувиар, хөрөнгийн албан татвар 34.3 хувиар, НӨАТ болон гадаад үйл ажиллагааны орлого тус бүр дөрөв орчим хувиар өссөн байна.

    Өнгөрсөн оны жилийн эцэст татварын нийт орлого 27.4 их наяд төгрөг хүрсэн нь 2023 оноос 28 хувиар, 2022 оноос 77 хувиар нэмэгдсэн дүн болж байсан юм.

    2025 оны төсвийн тодотголоор татварын нийт орлого 28.3 их наяд төгрөг болж, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 30.2 их наяд төгрөг хүрэхээр тооцоолоод байна.

    Төсвийн зарлага 11.3 хувиар өсөхөд бараа, үйлчилгээний зардал 16.8 хувиар, урсгал шилжүүлэг 12.2 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ. Нүүрсний үнэ буурснаас шалтгаалан төсвийн орлого тооцоолсон хэмжээнд хүрэхгүй байх эрсдэл өндөр байгаа үед төсвийг орлогын хэмжээгээр зарцуулах зарчим барьж буйг Сангийн сайд тодотгож байв.  Хэдий тийм боловч оны эхний 10 сарын байдлаар зарлага нь орлогоосоо 1.6 их наяд төгрөгөөр давсан үзүүлэлттэй байна.

    Хөрөнгийн зардлын хувьд 4.9 их наяд төгрөг болж, 5.6 хувиар өссөн. Барилга байгууламж болон их засварын зардал өсөж, тоног төхөөрөмжийн зардал буурсан дүнтэй байна.

    Cэтгэгдэл бичих