
Зургийг: parliament.mn
2026 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталлаа. Ингэснээр Засгийн газар 2026 онд нэг тэрбум ам.доллар хүртэлх гадаад үнэт цаас, 561.2 тэрбум төгрөг хүртэлх дотоод үнэт цаас гаргах тогтоол батлагдлаа.
Үүнээс гадна ирэх онд нийслэл 275 тэрбум төгрөг хүртэлх, аймаг 150 тэрбум төгрөг хүртэлх дотоод үнэт цаас гаргахаар төлөвлөж байгаа аж.
НӨАТ-ын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан нэг сая төгрөг хүртэлх худалдан авалтад 50 хувь, нэг сая төгрөгөөс дээш бол 20 хувийг буцаан олгох заалтын хэрэгжих хугацааг 2026 оны аравдугаар сарын нэгний өдөр болгон хойшлуулаад байна.
Мөн Тавантолгойн бүлэг орд дахь ашиглагдаагүй хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхайн бүтээгдэхүүний биржээр томоохон дүнтэй арилжаа зохион байгуулах тогтоолын төслийг батлав.
2026 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төсөлд багш, эмч, эрүүл мэндийн ажилтан, эрдэм шинжилгээний байгууллагын албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх тухай тусгасан байна. Энэ нь боловсролын салбарт багшаас бусад ажилтны үндсэн цалинг нэмэгдүүлэхгүй гэсэн агуулгатай байгааг зарим гишүүн шүүмжилж, тогтоолын төслийг батлахыг УИХ дэмжсэнгүй.
Боловсролын салбарт ажиллаж буй 93 мянга орчим багш, ажилтны цалинг нэмэхэд 960 орчим тэрбум төгрөг шаардлагатай байсан. Ирэх оны төсөвт 520 тэрбум төгрөгийг нь тусгасан. Иймд батлагдсан төсвийн хүрээнд цалингийн бүтцийг оновчтой болгох зэргээр нийт багш, ажилтны цалинг нэмэгдүүлэх боломж бүрдүүлнэ гэдгийг Боловсролын сайд П.Наранбаяр хэллээ.
2026 онд нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 102.4 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд төгрөг, нийт зарлага 32.8 их наяд төгрөг байхаар баталсан. Ингэснээр тэнцвэржүүлсэн тэнцэл нэг их наяд 50 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар байгаа юм.