
Зургийг: Qilai Shen/Bloomberg
Өвөр Монголын Өөртөө Засах Орон богино болон дунд хугацаанд хэрэгжүүлэх цэвэр эрчим хүчний хөгжүүлэлтийн томоохон төлөвлөгөө танилцуулж, 2030 он гэхэд нар, салхины эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаа 300 гигаваттаар нэмэгдүүлэх зорилт тавилаа.
ӨМӨЗО-ы захиргаанаас гаргасан 2025-2035 он хүртэл хэрэгжүүлэх “Үзэсгэлэнт Өвөр Монгол” хөгжлийн цогц төлөвлөгөөний тоймд тус Өөртөө Засах Орон хойд Хятадын экологийн болон эрчим хүчний аюулгүй байдлын тулгуур багана болох үүргээ улам батжуулах ерөнхий зорилго дэвшүүлжээ.
БНХАУ-ын аж үйлдвэрийн төвүүд болон эрчимтэй тэлж буй дата төвийн кластеруудад нийлүүлэх нүүрстөрөгчийн ялгарал багатай асар их хэмжээний эрчим хүчийг үйлдвэрлэх нөөц бололцоо Өвөр Монголын Өөртөө Засах Оронд бий гэдгийг тодотгосон байна.
Энэ хүрээнд Ордос, Бугат, Тунляо, Шилийн гол аймаг, Улаанцав, Баяннуур, Алшаад 10 гигаваттын хүчин чадалтай эрчим хүчний мега баазууд байгуулж, дэлхийд хамгийн томд тооцогдох нар-салхины эрчим хүчний үргэлжилсэн кластер бүс бий болгоно. Мөн 2030 он гэхэд эрчим хүчний нийт хэрэглээний 40-өөс дээш хувийг сэргээгдэх эрчим хүчнээс бүрдүүлдэг болохыг онцолжээ.
Хэдийгээр сэргээгдэх эрчим хүчний шилжилт нь эрчээ авах ч тус бүс нутгийн эрчим хүчний системийн нэг тулгуур нь нүүрс хэвээр байх төлөвтэй. Нүүрсийг бүрэн халахын оронд илүү цэвэр, үр ашигтай, нүүрстөрөгчийн ялгарал багатайгаар ашиглахыг чухалчилсан байна.
Ялангуяа Ордос, Шилийн гол, Хөлөнбуйр дахь нүүрс-химийн үйлдвэрүүдэд ногоон устөрөгч, нүүрстөрөгч шингээх технологи нэвтрүүлэх замаар орчин үеийн болгоно.
Ерөнхийдөө цахилгаан дамжуулалтын тогтвортой байдлыг хангаж, нар, салхины эрчим хүчний уян хатан нөөц хувилбар байдлаар нүүрсний эрчим хүчийг ашиглахаар байна.
Үүнээс гадна БНХАУ-ын газрын ховор элементийн гол кластер болох Бугат хотыг ирэх жилүүдэд газрын ховор элемент, шинэ үеийн материалын дэлхийд тэргүүлэх үйлдвэрлэлийн бааз болгон хөгжүүлэх зорилт тавьсан байна.
Мөн Чифэн, Тунляо, Ордос хотод газрын ховор элемент боловсруулж, ангилан ялгах төвүүд байгуулан ногоон устөрөгч, сэргээгдэх эрчим хүчний тоног, төхөөрөмжид ашиглах дэвшилтэт материал, соронз үйлдвэрлэн нийлүүлэхээр төлөвлөжээ.