
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
(Bloomberg) -- БНСУ 16 жилийн доод түвшинд хүрч суларсан воны ханшийн үргэлжилсэн уналтаас хамгаалж, Үндэсний тэтгэврийн сангаар дамжуулан арга хэмжээ авахаа амлалаа.
Эрх баригчид тэтгэврийн сан, экспортлогч компаниуд зэрэг томоохон зах зээлд оролцогчидтой хамтран арга хэмжээ авах талаар хэлэлцэх болно гэж тус улсын Сангийн сайд Кү Юн Чол мэдэгдсэн байна.
БНСУ-ын Төв банкны тэргүүн зэрэг албан тушаалтнууд гадаад валютын зах зээл дэх тодорхойгүй байдал улам бүр нэмэгдэж буйд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.
Гадаадад хийсэн хөрөнгө оруулалтын тэнцвэргүй байдал нь воны ханш суларна гэсэн хүлээлтийг нэмэгдүүлж болзошгүйг мэдээлсэн байна. Мөн хариу арга хэмжээ авахын тулд бүх боломжит хэрэгслийг идэвхтэй ашиглах шаардлагатай гэдэгт санал нэгдсэн байна.
Харин БНХАУ-ын юанийн ханш гол худалдааны түнш орнуудын валютуудын эсрэг олон жилийн дээд түвшинд хүрч чангараад байгаа юм. Энэ нь экспортын хэмжээ нь буурч байгаа тус улсын хувьд сорилт дагуулах төлөвтэй.
БНХАУ-ын хувьцаануудын ханш өсөж, АНУ-тай хийсэн худалдааны хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-ын Төв банк саяхан юанийн албан ханшаа тодорхой хэмжээгээр чангаруулсан. Үүний зэрэгцээ ам.долларын ханш чангарч буй нь юанийг иен, вон зэрэг бусад валютын эсрэг чангарахад нөлөөлж байна.
Susie Kang, Tian Chen