
Зургийг: kincoracopper.com
“Kincora Copper” компани Монгол дахь зэс-алтны төслөө аливаа нэмэлт зардал гаргалгүйгээр эргүүлэн авснаа мэдээллээ.
2024 онд тус компани Монголд байрлах төслүүдээ Австралийн “Orbminco” компанид худалдах урьдчилсан нөхцөлтэй гэрээ байгуулсан юм. Хэдий тийм боловч “Orbminco” Австралийн алтны төсөлдөө төвлөрөхөөр шийдвэрлэж, хэлцлээсээ ухарсан аж.
Гэрээний хүчинтэй байсан хугацаанд “Orbminco” компани “Kincora Copper”-т 450 сая австрали долларын үнэ бүхий хувьцаагаа шилжүүлсний сацуу "Хүрэл үнэг" төслийн хайгуулд 1.3 сая австрали доллар зарцуулсан байна.
Одоогоор “Kincora Copper” компани "Хүрэл үнэг" төсөлдөө шинэ хөрөнгө оруулалт татах, хайгуулаа бие даан хийх зэрэг боломжуудыг судалж байгаагаа зарлажээ.
Сүүлд тус компани дөрвөн сая канад доллар татан төвлөрүүлж, 10 хувьцаагаа нэг болгож нэгтгэх ажлууд хэрэгжүүлсэн юм. Одоогоор зах зээлд тус компанийн 43 сая хувьцаа арилжаалагдаж байна.
"Kincora Copper"-ийн хувьцааны ханш энэ он гарсаар 300 хувийн өсөлттэй байгаа бөгөөд нэгж үнэ нь 1.28 австрали долларт сүүлийн арилжааг хаалаа.
Дорноговь аймагт, өмнийн говийн зэс порфирын бүсэд орших “Хүрэл үнэг” хайгуулын лиценз нь 175 км.кв талбайг хамардаг. "Kincora Copper" тус талбайд гурван цооногт 46 мянга гаруй метрийн өрөмдлөг хийсэн бөгөөд анхан шатны тооцооллоор 426 мянган тонн зэс, 437 мянган унц алтны нөөцтэй гэж үнэлэгджээ.
“Orbminco”-д лицензээ шилжүүлэхээс өмнө тус компани 2.7 тэрбум төгрөгийн татварын асуудлаар Монгол Улсын Дээд шүүхэд хандаж, сунжирсан хуулийн маргаантай нүүр тулаад байв.