
Зургийг: Bonnie Cash/UPI/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төсвийн төсөлд гарын үсэг зурснаар тус улсын түүхэнд хамгийн удаан хугацаанд үргэлжилсэн Засгийн газрын “тэг зогсолт” дуусгавар боллоо.
Сүүлийн 43 хоногийн турш АНУ-ын Төрийн үйлчилгээ саатаж, нийгмийн халамжийн хөтөлбөрүүд зогсож, Төрийн албан хаагчид ажлаа хийж чадаагүй юм. Хэдий тийм боловч энэ удаагийн төсөвт зөвхөн нэгдүгээр сарын 30-ныг хүртэлх санхүүжилтүүдийг багтаасан тул ирэх оны эхээр дахин төсөвтэй холбоотой гацаа үүсэх магадлал бий.
АНУ-ын Ерөнхийлөгч төсөв баталснаар Засгийн газрынх нь үйл ажиллагаа нэн даруй эхлэх ч агентлагууд аравдугаар сарын нэгнээс хойш хуримтлагдсан ажлыг нөхөх гэж хэдэн өдөр, хэдэн долоо хоног ч зарцуулж магадгүй байгаа аж.
“Тэг зогсолт” АНУ-ын эдийн засагт багагүй хохирол учруулсан. Конгрессын Төсвийн хорооны тооцоолсноор энэ улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд 1.5 нэгж хувийн сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа аж. Нислэгүүд цуцлагдсанаар агаарын тээврийн компаниуд алдагдал хүлээж, бага орлоготой олон сая өрхийн хүнсний тусламж саатаж, Төрийн албан хаагчид нь сар гаруйн турш цалингүй амьдарсан юм. Мөн ажилгүйдэл, инфляц зэрэг Засгийн газраас гаргадаг албан ёсны статистикууд хойшилсноор арилжаалагчид хөрөнгийн зах зээлд “сохроор” оролцож байлаа.
Улс төрийн хувьд Дональд Трамп болон Конгрессын Бүгд найрамдах намынхан төсвийн тэмцэлд ялалт байгуулснаа зарлаж буй. Харин Ардчилсан намынхан гол шаардлага нь болох эрүүл мэндийн даатгалын татаасны хугацааг сунгаагүйг шүүмжилж байна.
Энэ удаагийн түр тохиролцоо нь өмнөх тэг зогсолтуудын үр дүнтэй ерөнхийдөө адилхан байлаа. Улс төрийн гацаа хэдэн долоо хоногоор үргэлжилж, иргэдийн бухимдал даамжирч, эдийн засагт өвдөлт ирж байж л хоёр тал тохиролцооны ширээнд суудаг жишиг энэ удаа ч давтагдав.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп
“Өнөөдөр бид дарамт шахалтад хэзээ ч бууж өгөхгүй гэдгээ тодорхой харууллаа. Энэ бол дарамт байсан. Ардчилсан намынхан АНУ-д шахалт үзүүлэхийг оролдсон. Би одоо олон хоногийн өмнө Ардчилсан намынхныг дэмжихийг хүссэн төсвийн төсөлд гарын үсэг зурна. Тэдний үүсгэсэн энэхүү саатал АНУ-д 1.5 их наяд ам.долларын хохирол учруулсан. Бүгд найрамдах намынхан Засгийн газрын санхүүжилтийг зогсоохыг огтхон ч хүсээгүй. Тэд төсвийн санхүүжилтийг тасралтгүй үргэлжлүүлэхийн төлөө 15 удаа санал өгсөн. Өмнө нь аль нэг нэг нам улсын төсвийн санхүүжилтийг үргэлжлүүлэх хуулийн төслийг батлахаас татгалзсан тохиолдол гарч байгаагүй. Санхүүжилтийг үргэлжлүүлэх л хуулийн төсөл. Том асуудал биш. Дараа нь төсвийг хэлэлцэх боломжтой. Гэсэн хэдий ч сөрөг хүчний экстрим үзэлтнүүд зөвхөн улс төрийн шалтгаанаар АНУ-ын түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн “тэг зогсолт”-ыг эхлүүлсэн” гэж мэдэгдлээ.
Erik Wasson, Alicia Diaz, Jarrell Dillard