
Зургийг: Bloomberg TV Mongolia
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк хүнс, хөдөө аж ахуйн бизнесүүдийг дэмжих 20 сая ам.долларын зээлийг “ХААН Банк” ХК-д олгохоор боллоо.
Энэхүү зээл нь хөдөө орон нутаг дахь бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг уур амьсгалын өөрчлөлтөд бэлтгэх болон тэдний ногоон төслүүд дэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготойг тус банк мэдээлэв.
Нийт зээлийн дүнгийн багадаа 15 хувийг байгаль орчны тогтвортой байдлыг хангасан хөдөө аж ахуйн төслүүдэд зарцуулахаар байна.
Хүнс, хөдөө аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний долоо гаруй хувийг бүрдүүлдэг ба хөдөө орон нутгийн томоохон ажлын байр бий болгогч салбар юм.
Цаг агаарын хүндрэл, тариалангийн талбайн доройтол, хуучирч элэгдсэн дэд бүтэц болон логистикийн асуудлуудад дарагдсан тус салбарыг цаашид бэхжүүлж, алслагдсан бүс нутаг дахь малчид болон жижиг боловсруулах үйлдвэрүүдэд санхүүгийн хүртээмжтэй байдлыг бий болгох аж.
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсад 2.55 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийгээд байгаагаас 90 орчим хувийг хувийн хэвшилд зориулсан төслүүд бүрдүүлж байна.