
Зургийг: С.Батсайхан
Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн бодлогын нэг зорилт нь эдийн засгаа төрөлжүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг зургаан хувиас дээш хадгалах гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо.
Одоогоор Монгол Улсын эдийн засгийн 90 гаруй хувь нь уул уурхай, тэр дундаа 60 орчим хувь нь нүүрснээс хамааралтай. Түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамаарч, макро тогтвортой байдал эмзэг хэвээр байгаа юм.
Дотоодын нийт бүтээгдэхүүний 7.8 хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлж буй бөгөөд боловсруулах салбарын 30 орчим хувийг мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл дангаараа эзэлж байна. Боловсруулах салбарын эдийн засагт эзлэх байр суурь алгуур буурч буй нь эдийн засгийн төрөлжилтийг хязгаарлаж байгааг Ерөнхий сайд дурдлаа.
Цаашид хүнд, хөнгөн үйлдвэр, боловсруулах салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дэвшилтэт технологи инновац нэвтрүүлэх шаардлагатай.
Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 4128 ам.доллар байсан бол 2024 онд 6898 ам.доллар болж, 1.7 дахин өссөн бол 2030 он гэхэд 10.7 мянган ам.доллар хүргэх зорилт тавиад байна.
Ирэх таван жилд боловсруулах үйлдвэр, дэд бүтцийн салбарт нийт 18.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх тооцоолол гаргасан. Ингэснээр зэсийн баяжмал хайлуулах, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин