
2025 он гарсаар Монголын Хөрөнгийн биржээр арилжигдсан уул уурхайн бүтээгдэхүүнээс төмрийн хүдэр болон баяжмалын арилжааны хэмжээ бараг хоёр дахин нэмэгдээд байна.
Энэ оны байдлаар 4.4 сая тонн төмрийн хүдрийн арилжаа хийгдсэн нь өмнөх оныхоос хоёр сая тонноор нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Он дуусахад зургаан долоо хоногийн арилжаа үлдээд байгаа нь үүнээс илүү өсөлттэй байх төлөвтэйг харуулж байна. Түүнчлэн үнийн дүн нь нэг их наяд орчим төгрөг хүрчээ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ он гарсаар төмрийн хүдрийн үнэ буурсан үзүүлэлттэй байгаа юм. Харин сүүлийн дөрвөн сар гаруй хугацаанд төмрийн хүдрийн үнэ сэргэж эхэлснээр бирж дэх арилжаанд дэмжлэг болж байна.
2024 онд уул уурхайн бүтээгдэхүүний цахим дуудлага арилжааны нийт хэмжээний 90 гаруй хувийг нүүрс бүрдүүлж байсан бол энэ онд 1/5-ийг нь төмрийн хүдэр, баяжмал эзэлж байгаа аж. Түүнчлэн энэ онд зэсийн баяжмалын арилжаа бараг долоо дахин нэмэгджээ.
Зэсийн үнэ оргил түвшинд хүрэхэд ойрхон байгаа энэ үед уул уурхайн биржээр зэсийн баяжмал тонн нь 2500 ам.доллароор арилжаалагдсан байна. Энэ нь сүүлийн хоёр жилийн хугацаанд тонн нь 2100-2200 ам.доллароор арилжаалагдаж байсантай харьцуулахад 20 орчим хувиар өссөн үзүүлэлт боллоо.