logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Бадмаараг
    Уоррен Баффет цаашид нам гүм амьдарч, хандивын ажлаа эрчимжүүлэхээ мэдэгдлээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 12 16:50
    483

    Зургийг: Dimitrios Kambouris/Bloomberg

    (Bloomberg) -- Хуучин нэхмэлийн үйлдвэрийг нэг их наяд ам.долларын үнэлгээтэй конгломерат болгон өргөжүүлсэн тэрбумтан, хөрөнгө оруулагч Уоррен Баффет олны анхаарлаас хол, нам гүм амьдрахаар шийдсэнээ мэдэгдлээ. Энэ нь дэлхийн бизнесийн ертөнцөд нэрээ мөнхөлсөн домогт хөрөнгө оруулагчийн үе дуусгавар болж буйг илэрхийлж байна.

    Өдгөө 95 настай Уоррен Баффет гэр бүлийнхээ дөрвөн санд нийт 1.3 тэрбум ам.доллар хандивлаж буйгаа захидалдаа бичжээ. Мөн оны эцсээр “Berkshire Hathaway”-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэн өгөхөө дурдсан бөгөөд цаашдаа жил бүр компанийг төлөөлөн хувьцаа эзэмшигчдэдээ захидал бичихгүй, хурлуудад үг хэлэхгүй гэж мэдэгдсэн байна.  

    Энэ  нь Уоррен Баффетын удирдлагын залгамж халааг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дараагийн чухал алхам болж байна. Тэрбээр компанийн хувьцаа эзэмшигчдийн өмнөх хурлын үеэр олон жилийн турш дэргэд нь ажилласан орлогч Грег Абельд компанийн жолоог шилжүүлэхээр шийдвэрлэснээ албан ёсоор мэдэгдэж байв. Сүүлийн хэдэн жилийн турш Уоррен Баффет томоохон худалдан авалт хийх, компанийнхаа хувьцааг эргүүлэн худалдаж авахаас татгалзаж ирсний үр дүнд тэрбээр 63 настай Грег Абельд 382 тэрбум ам.долларын бэлэн мөнгөний нөөцтэй компани үлдээж байна.  

    Тэрбээр мөн захидалдаа биеийн байдал нь “ерөнхийдөө сайн” байгааг дурдаад, амьд ахуйдаа  хүүхдүүдийнхээ буяны сангуудад идэвхтэйгээр хандив өргөхөөр төлөвлөснөө илэрхийлжээ.

    “Хэдийгээр миний хөдөлгөөн удааширч, уншихад улам бэрх болж байгаа ч долоо хоногийн таван өдөр оффистоо ирж, гайхалтай хамт олонтойгоо хамтран ажиллаж байна” гэж Уоррен Баффет захидалдаа бичжээ. Мөн “Хааяа толгойд маань үнэ цэнтэй санаа орж ирэх эсвэл хэн нэгэн бизнес санаа санал болгодог. Гэвч “Berkshire Hathaway”-ийн хэмжээ, зах зээлд эзлэх түвшин аль хэдийн хангалттай том учир шинэ санаа цөөрсөн. Гэхдээ ор тас байхгүй гэвэл үгүй ” гэсэн байна.

    Даваа гарагт нийтлэгдсэн захидал болон компанийн жилийн тайлантай нь хамт гардаг бусад захидлууд нь түүний шүтэн бишрэгчдийн заавал унших эх сурвалжуудын нэг болсон юм. Домогт хөрөнгө оруулагчийг олон жилийн турш бишрэн дагахад хөтөлсөн ухаарлын үгс, хөрөнгө оруулалтын нарийн зөвлөгөө болон хөгжилтэй, уран яруу илэрхийллийг нь хүлээж, шимтэн уншдаг байна.

    Уоррен Баффет захидалдаа амьд ахуйдаа хүүхдүүдийнхээ буяны сангуудад хандив өгөхөө эрчимжүүлэхээр шийдсэнээ онцолжээ. Ингэснээр тэд эцгийнхээ хөрөнгийг бүрэн удирдаж, үргэлжлүүлэн зарцуулах боломжтой болох юм. Түүний хүүхдүүд болох Сьюзи, Ховард, Питер нар 60–70 настай. Хүүхдүүдэд нь түүний адил  “урт наслах онцгой аз завшаан тохионо” гэдгийг итгэлтэйгээр хэлж чадахгүй гэдгээ тодотгосон байна. 

    “Одоо миний гурван хүүхэд бүгд насанд хүрч, ухаан санаа, эрч хүч, зөн совин, туршлагаараа үлэмж хөрөнгийг оновчтой удирдах түвшинд хүрсэн байна” гэж бичжээ.

    Мөн тэрбээр залгамжлагч Грег Абель хөрөнгө оруулагчдаасаа хангалттай хэмжээний итгэл хүлээх хүртэл “Berkshire Hathaway” компанийн “Class A” ангиллын тодорхой хэмжээний хувьцааг өөртөө хадгалахаар шийдсэнээ мэдэгдсэн байна.  

    “Ийм итгэл бий болоход тийм ч их хугацаа шаардагдахгүй. Миний хүүхдүүд болон “Berkshire Hathaway”-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бүх гишүүд Грег Абелийг бүрэн дэмжиж байгаа” хэмээн Уоррен Баффет онцолжээ.

    Уоррен Баффет компанийнхаа Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар хэвээр үлдэх хэдий ч тавдугаар сард хийсэн мэдэгдэлдээ компанийн өдөр тутмын үйл ажиллагаа болон хөрөнгийн хуваарилалтын эцсийн шийдвэрийг Грег Абель гаргах болно гэж байв. Тэрбээр удирдлагын халаагаа энэ оны эцэс гэхэд бүрэн шилжүүлэхээр төлөвлөж байна.

     

    Alexandre Rajbhandari

    Cэтгэгдэл бичих