
Зургийг: С.Батсайхан
2024 оны байдлаар Төрийн өмчит болон Төрийн өмчийн оролцоотой 67 хуулийн этгээдийн нийт орлого 25.9 их наяд төгрөг хүрсэн байна. Нийт зарлага нь 18.2 их наяд төгрөг болж, 5.7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласныг Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар тайлагналаа. Харин нийт өр төлбөр нь 22.8 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна.
Төрийн өмчит компаниудын үр ашиггүй үйл ажиллагаа нь өрийн хэмжээг нэмэгдүүлж, авлигын эрсдэл нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавартай байгаа аж.
Үүний зэрэгцээ төсөвт төвлөрүүлж буй татварын орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 34.2 хувьд хүрч, мөчлөг дагасан төсвийн бодлого нь хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг бууруулж байна.
2020-2024 онд төсвийн урсгал зардлын жилийн дундаж өсөлт 26.2 хувь, нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 17 хувь байсан. Энэ тренд цааш үргэлжилбэл гурван жилийн дараа буюу 2028 онд төсвийн урсгал зардлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 30 хувиас хэтрэхээр байна. Ингэснээр төсөв ачааллаа даахгүй болж, нийт орлогоороо зөвхөн урсгал зардлаа нөхөх хэмжээнд хүрэх эрсдэлтэй байгааг Төсвийн Тогтвортой Байдлын Зөвлөл анхааруулсан юм.
Иймд эдийн засаг дахь Төрийн оролцоог бууруулах, мөчлөг дагасан төсвийн тэлэлтийг хязгаарлах, Төрийн өмчийн компаниудыг цөөлөх, үр ашгийг нь нэмэгдүүлэх шаардлагатайг судлаачид тодотгож байна.