
Зургийг: ulaanbaatar.mn
Нийслэлээс хэрэгжүүлж буй мега төслүүдээс 12 төслийн ажлыг эхлүүлээд байгааг “Нэгдсэн Төслийн Удирдлагын Газар” ОНӨТҮГ мэдээллээ. Тухайлбал: хөрөнгө оруулалтын санхүүжилт нь шийдэгдсэн "Дулааны тавдугаар цахилгаан станц" (ДЦС-5) төслийн газар чөлөөлөлт болон барилгын зураг төслийн ажид эхлээд байна.
Улаанбаатар хотын цахилгаан, дулааны хомсдолыг арилгаж, салбарын тогтвортой байдлыг хангах хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ДЦС-5 төслийг 658 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Камбож улсын “Митайм Интернейшнл” компанитай хамтран Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.
Хөрөнгө оруулалтын 80 хувийг “Митайм Интернейшнл” ХХК гаргах ба 20 хувийг нийслэлийн төсвөөс үе шаттай санхүүжүүлнэ.
ДЦС-5 төсөл нь Баянгол дүүргийн 20 дугаар хороонд баригдах бөгөөд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай байна. Станц ашиглалтад орсноор нийслэлийн баруун бүс буюу нийт 40 мянган айлыг дулаанаар хангах бөгөөд Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3-4 дүгээр хороолол, нэгдүгээр хорооллыг хамрах аж.
Төслийн ТЭЗҮ-д тусгаснаар нийт 24 сарын хугацаанд барилга бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж, 30 сарын дараа улсын комисст хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ. Барилга угсралтын ажил нь ирэх онд эхлэх бөгөөд урьдчилсан тооцооллоор 2027 оны эцсээр ашиглалтад орохоор байна.
Үүнээс гадна Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” үйлдвэрийн төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах” компани шалгарч, НЗДТГ-тай гэрээ байгуулсан юм. Төслийн нийт хөрөнгө оруулалт 206.5 сая ам.доллар бөгөөд бүтээн байгуулалтыг 30 сарын хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөжээ.
“Хог шатааж эрчим хүч гаргах” үйлдвэрийг Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн барьж, сүүлийн таван жилд хуримтлагдсан хогийг шатаан устгаж, орчныг нөхөн сэргээхээр төлөвлөжээ. Үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хотын нийт хог хаягдлын 31.8 хувийг шатааж устгах боломж бүрдэнэ. Өдөрт 1500 тонн хог хаягдал шатааж, жилдээ 210 сая киловатт.цаг буюу 35 мегаваттын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд энэ нь ойролцоогоор 2333 өрхийг цахилгаанаар хангах хэмжээний хүчин чадал юм.
Үүний зэрэгцээ төвлөрсөн хогийн цэгт булагдаж буй хогийн хэмжээ буурч, хүлэмжийн хийн ялгарал жилийн 106 мянган тонн нүүрсхүчлийн хийгээр багасна гэж тооцоолжээ.
Үйлдвэр ашиглалтад орсноос 25 жилийн дараа нийслэлийн өмч болох бөгөөд энэ хугацаанд үйл ажиллагааны ашгийн 80 хувийг “Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах” компани, 20 хувийг нийслэл авахаар байгааг “Нэгдсэн Төслийн Удирдлагын Газар” мэдээллээ.