
Зургийг: Bloomberg TV Mongolia
Монгол Улс оны эхний 10 сарын байдлаар 9.4 тэрбум ам.доллароор бараа, бүтээгдэхүүн импортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.8 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Нийт импортын 40.8 хувийг БНХАУ, 23.9 хувийг ОХУ, 10.4 хувийг Япон улсаас нийлүүлжээ.
Импортоос 100 хувь хамааралтай нефтийн бүтээгдэхүүний хувьд нийт импортын 18 орчим хувийг бүрдүүлж байна. Оны эхний 10 сард нийт 1.7 тэрбум ам.доллароор нефтийн бүтээгдэхүүн импортолсноос автобензины импорт 4.4 хувиар буурч, дизель түлшнийх 9.8 хувиар өсжээ.
Дотоодод шатахууны хомсдол үүссэнээс шалтгаалан импортын татан авалтаа нэмэгдүүлж байгаа бөгөөд ОХУ-аас гадна БНХАУ-аас “Евро-5” стандартын шатахуун нийлүүлж байна.
Суудлын автомашины импортын тоо хэмжээ сүүлийн саруудад харьцангуй буурч байгаа ч худалдан авч буй үнийн дүн нь өсжээ. Оны эхний 10 сарын хугацаанд нийт 82,550 автомашиныг 932 сая ам.доллароор импортолсон нь өмнөх оны мөн үеэс 23 сая ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт болов. Үүнээс 62,717 нь хосолсон хөдөлгүүртэй, 263 нь зөвхөн цахилгаан хөдөлгүүртэй автомашин байгаа аж. Мөн хүнд даацын 18,455 автомашин импортолжээ.
Үүнээс гадна өвлийн оргил ачааллын үе хараахан эхлээгүй байгаа ч 172.3 сая ам.доллароор цахилгаан эрчим хүч импортлоод байна. 2024 онд нийт хэрэглээний 20 гаруй хувийг импортоор хангаж байсан юм.
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс улаанбуудай болон улаанбуудайн гурилын импорт өмнөх оны мөн үеэс эрс буурсан үзүүлэлттэй байна. Харин өндөг, цагаан будаа, хүнсний ногоо, жимсний төрлийн бүтээгдэхүүний импорт 9-30 орчим хувиар нэмэгджээ.
Энэ онд ургац хураалт 40 орчим хувиар буурч, улаанбуудай, төмс, хүнсний ногооны хэрэглээний 70-80 орчим хувийг дотоодоос хангахаар байгааг салбарын яам мэдээлсэн юм. Үлдсэнийг нь импортоор хангах тул 2025-2026 онд хүнсний импорт бага зэрэг өсөх төлөвтэй байгааг онцолж байна.