
Зургийг: Taylor Weidman/Bloomberg
Хүнсний инфляц аравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар эрчимжсэн бол Улаанбаатар хотод 12.5 хувиар өслөө. Хангай, баруун, төвийн бүсүүдэд 10-11.5 хувиар, харин зүүн бүсэд хамгийн бага буюу найман хувиар өссөн байна.
Инфляц улсын хэмжээнд 9.2 хувьтай гарахад 3.1 нэгж хувийг хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ бүрдүүлснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 16.7 хувиар өссөн байна. Тухайлбал: Улаанбаатар хотод үхрийн цул нэг кг махны дундаж үнэ аравдугаар сард 24,258 төгрөг байсан нь өмнөх оны мөн үеэс 19 хувиар, 2023 оны мөн үеэс 32.8 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Намрын улиралд махны үнэ улирлын хандлагаа даган буураагүй нь хүнсний инфляц эрчимжихэд нөлөөлж буйг Монголбанк тодотгож байв.
Энэ жил өвөлжилт хүндэрч болзошгүй, нийт нутгийн 25 орчим хувьд зудын эрсдэл өндөр байгаа тул өмнөх жилээс олон тооны мал эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвтэй байна. Мөн 160 мянга гаруй тонн мах экспортлох нөөцтэй байгааг ХХААХҮЯ мэдээлсэн юм.
Харин гурилын үнэ харьцангуй тогтвортой байгаа бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд I зэргийн гурилын үнэ Улаанбаатар хотод 4.6 хувиар нэмэгдсэн байна. Нийт дүнгээрээ улсын хэмжээнд талх, гурил, будааны бүлгийн үнэ 6.9 хувиар өсжээ.
Энэ онд ургац хураалт өмнөх жилээс 40 хувиар буурсан, өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа зэрэг нь хүнсний үнийн өсөлтийг өдөөх магадлалтай байна.
Улаанбуудай, төмс, хүнсний ногооны нийт хэрэглээний 70-80 орчим хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангах төлөвтэй байна. Харин 140 гаруй мянган тонн улаанбуудай импортоор авахаар тооцоолж байгааг салбарын яам мэдээллээ.