
Зургийг: С.Батсайхан
Гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар буурч, 21.6 тэрбум ам.доллар хүрлээ. 2025 оны аравдугаар сарын эцэст нийт экспортын хэмжээ импортоос 2.9 тэрбум ам.доллароор давсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.4 хувиар буурсан дүн болж буй ч сүүлийн саруудад энэ зөрүү нарийсаж байна.
Аравдугаар сард 6.6 сая тонн чулуун нүүрс экспортолж, оны байдлаар 65 сая тонн хүрээд байгаа нь өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар буурав. Харин үнийн дүнгийн хувьд гурав орчим тэрбум ам.доллароор бага байна.
Сүүлийн саруудад Уул уурхайн биржийн арилжаа энэ оны хамгийн идэвхтэй түвшинд хүрээд байгаа юм. Үүний зэрэгцээ нүүрсний экспорт эрчимжиж, оны хоёрдугаар хагас эхэлснээс хойш 30 сая тонн нүүрс экспортолжээ. Экспорт ийнхүү эрчимжвэл оны эцэс гэхэд төлөвлөж буй 85 сая тонн хүрэхээр байна.
Харин зэсийн баяжмалын экспортын хэмжээ 1.9 сая тонн болж, үнийн дүнгээр 4.5 тэрбум ам.доллар хүрлээ. Ингэснээр өнгөрсөн оны төсөвлөж байсан хэмжээнээс давсан гүйцэтгэл болж байна.