
Зургийг: С.Батсайхан
Монголын Хөрөнгийн биржид III улирлын тайлангаа нийтэлсэн хүнс үйлдвэрлэгч дөрвөн компанийн гурвынх нь хувьцааны ханш энэ он гарсаар уналттай байна. “Эм Жи Эл Акуа” ХХК, “Монос Хүнс” ХК, “Газар шим үйлдвэр” ХК-ийнх өнгөрсөн оны эцсээс 16 хүртэлх хувийн уналттай арилжаалагдаж байна. Харин тайлант хугацаанд “Сүү” ХК-ийн хувьцааны ханш өсөлттэй байгаа төдийгүй Монголын Хөрөнгийн бирж дэх энэ он гарсаар хамгийн өндөр өсөлттэй байгаа хувьцаануудын нэг боллоо.
Хэдий тийм боловч ашигт ажиллагааны хувьд харахад III улиралд “Сүү” ХК-ийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 35 хувиар буурсан нь ерөнхий зардал эрс нэмэгдсэнээс үүдэлтэй байна.
“Монос Хүнс”-ийн цэвэр ашиг гурав дахин өссөнөөс гадна салбарын бусад компаниудын ашиг буурсан дүр зурагтай байгаа юм. Борлуулалтын хувьд ерөнхийдөө өсөлттэй байгаа нь эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэлтэйгээр ашиг түр зуурын удаашралд орсныг харуулж байж болохоор байна. Түүнчлэн оны эцсээр тохиох баярын улирал ойртож байгаа нь хүнс үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд эерэг үр дагавартай байх төлөвтэй байна.