
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- Аравдугаар сард БНХАУ-д үндэсний баярын амралт тохиосонтой зэрэгцэн инфляц нь шинжээчдийн хүлээлтээс давж, эрчимжлээ.
Инфляцын жилийн өөрчлөлтийг харвал аравдугаар сард тус улсад хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар эрчимжсэнийг БНХАУ-ын Үндэсний статистикийн товчоо мэдээллээ. Энэ нь “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон эдийн засагчдын 0.1 хувиар саарна гэж таамаглаж байсантай харьцуулахад гэнэтийн өсөлтөд тооцогдож байна.
БНХАУ-ын хүнс болон эрчим хүчний бүлгийн үнийн өсөлтийг хасаж тооцсон суурь инфляц өнгөрсөн оны мөн үеэс 1.2 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 0.2 хувиар эрчимжжээ. Харин үйлдвэрлэлийн салбар дахь үнийн уналт 37 дахь сардаа үргэлжилж байгаа ч эрч нь бага зэрэг удааширсан хөдөлгөөнтэй байна.
Баярын амралтын үе тохиосонтой зэрэгцээд аялал жуулчлал, өрхийн зарцуулалт гээд хэрэглэгчдийн эрэлт өссөн нь инфляц эрчимжихэд голлон нөлөөлжээ. Хэдий тийм боловч үнийн өсөлт түр зуурын шинжтэй байж магадгүйг “Goldman Sachs”-ийн шинжээчид тодотгож байна.
БНХАУ-д VIII, IX сард үнийн уналтын дарамт үргэлжилснээр дефляцийн нөхцөл байдал хоёр жил гаруйн хугацаанд хадгалагдсан юм.
Түүнчлэн дефляцийн бодит үзүүлэлт албан тоон мэдээллээс өндөр байж болзошгүйг “Bloomberg”-ийн шинжээчид мэдээллээ. Тухайлбал: тус улсад 70 орчим нэр төрлийн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн болон үйлчилгээний бүлгийн үнэ суурь инфляцаас давж суларсан гэдгийг тодотгосон байна.