
Зургийг: mongolia.gov.mn
Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Г.Занданшатар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа.
Энэхүү тогтоолын төслийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан боловсруулжээ.
Ирэх таван жилийн хөгжлийн бодлого нь “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн найман чиглэлээс бүрдэнэ. Энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, хөтөлбөрийн 200 үр дүнг тодорхойлсон.
Тухайлбал: боловсруулах салбарын боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, бүтээмж, төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг зургаан хувиас дээш тогтвортой хадгалах, эдийн засгийн эрх чөлөөний индексийг 90-ээс дээш оноонд хүргэхийг зорьж байна.
Боловсрол, эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн хүрээнд чанартай, хүртээмжтэй үйлчилгээг иргэн бүрд тэгш хүргэж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэн, хүний хөгжлийн индексийг 0.813 оноонд хүргэнэ. 2024 оны байдлаар тус үзүүлэлт 0.756 оноотой байв.
Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдаа холбоог сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, ажлын байран дахь осол гэмтэл, хөдөлмөрлөх эрхийн зөрчил, маргааныг бууруулах замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10.7 мянган ам.доллар хүргэж, дундаж давхаргын эзлэх хувийг 20 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ. 2022 оны судалгаагаар нийт иргэдийн гуравны нэг нь ядууралтай байгаа юм. Инфляц 10.3 хувь болж өсөхөд 350 мянган иргэн инфляц, зээлийн дарамтаас үүдэн ядууралд шилжих эрсдэл байгааг Дэлхийн Банк тооцоолжээ.
Мөн бүс, орон нутгийн хөгжлийн ялгааг багасгаж, хүн амын шилжилт хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх замаар орон нутгийн хөгжлийн үзүүлэлтийг 20 хувиар нэмэгдүүлнэ. Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр эхний 50 орны нэг, цахим засаглалын индексээр эхний 90 улсын нэг болох боломжтой гэж үзэж байна.
Одоогоор Монгол Улсын эрчим хүч импортоос 20 гаруй хувь, түлш шатахуун 100 хувь, эдийн засаг төрөлжөөгүй, уул уурхайгаас хэт хамааралтай байна. Иймд 2030 он гэхэд эрчим хүчний нийт хүчин чадлыг 4168 мегаваттаар нэмэгдүүлж, цахилгаан дамжуулах агаарын шугамыг 764.4 км-ээр нэмэгдүүлэх тооцоололтой байгаа аж. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар шатахууны хэрэглээний 50 гаруй хувийг дотоодоос хангахаар төлөвлөж байна.
Түүнчлэн зэс хайлуулах үйлдвэр, Алтан ширээт үйлдвэр технологийн парк зэргийг ашиглалтад оруулж, түүхий эдээс 90 гаруй хувийн хамааралтай байгаа эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхээр төлөвлөж буйг Засгийн газар танилцууллаа.