
Зургийг: parliament.mn
2026 оны Төсвийн төсөлд тусгуулахаар дэмжигдсэн саналууд нь цаашид хөрөнгийн зардлыг өсгөх магадлалтай байгааг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл тодотголоо.
Байнгын хороо болон ажлын хэсгийн саналаар хөрөнгө оруулалтын зардлыг 457.5 тэрбум төгрөгөөр бууруулсан ч нөгөө талдаа 490.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Шинээр санал оруулсан төсөл арга хэмжээний нийт төсөвт өртөг хасагдсан төслүүдийнхээс 1.5 их наяд төгрөгөөр их байгаа юм. Энэ нь дунд хугацаандаа төсвийн хөрөнгө оруулалтын зардалд нөлөөлнө гэж үзэж байна.
Үүнээс гадна зарчмын зөрүүтэй саналуудаар 23 үйл ажиллагааны урсгал зардлыг 988 тэрбум төгрөгөөр бууруулсан, харин 15 үйл ажиллагааны урсгал зардлыг 953.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ.
Шинээр тусгасан төсөл арга хэмжээ нь Төсвийн тухай хуулийн хэд хэдэн шалгуурт нийцэхгүй буйг онцолж байгаа юм.
Засгийн газраас өргөн барьсан Төсвийн төсөл нь байнгын хороо, УИХ-аар хэлэлцүүлэх шатанд байнга өөрчлөгдөж байгаа нь хөгжлийн бодлого төлөвлөлт, макро эдийн засгийн бодлогын уялдааг алдагдуулахад хүргэж байна. Иймд төсөв хэлэлцэх зарчмаа сайжруулах шаардлагатайг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл зөвлөлөө.