
Зургийг: Na Bian/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-д эрчим хүчний нүүрсний үнэ энэ оны дээд түвшиндээ хүрч өслөө. Зах зээлд богино болон урт хугацаанд нөлөөлөх хүчин зүйлс хоршсоноор нүүрсний эрэлтийн төлөв эерэг байх хүлээлт үүсгэж байна.
Эрчим хүч, ус дулааны өвлийн бэлтгэл ажлаас хамаарсан улирлын шинжтэй өсөлтөөс гадна уурхайнуудын аюулгүй байдлыг хангах, гарцын илүүдлийг багасгах хяналт шалгалт удаан үргэлжилж байгаа нь нүүрсний эрэлт хэвийн түвшнээс давж нэмэгдэхэд нөлөөлжээ.
Түүнчлэн БНХАУ АНУ-тай худалдааны асуудлаар тохиролцоонд хүрснээр эдийн засагт эерэг өөрчлөлт авчрах нөхцөл бүрдсэн, Хятадын эрх баригчид нүүрсний хэрэглээг хязгаарлах асуудалд илүү зөөлөн байр сууриас хандах болсон нь арилжаалагчдад итгэл өгч байна.
Чиньхуандао боомт дахь эрчим хүчний нүүрсний жишиг үнэ тонн тутамдаа 788 юань буюу 111 ам.доллар хүрсэн нь өмнөх сарынхаас 10 гаруй хувиар өссөн үзүүлэлт болохыг БНХАУ-ын Нүүрс тээвэрлэлт, түгээлтийн ассоциаци мэдээлжээ.
БНХАУ-ын Засгийн газар эдийн засгийн ирэх таван жилийн төлөвлөгөөний төслийг гаргахдаа нүүрсний хэрэглээг бууруулж эхлэх цаг хугацааг нарийн тодорхойлоогүй. Энэ нь тус улсын нүүрсний хэрэглээ оргилдоо хүрэх буюу дахиж өсөхөөргүй түвшинд хүрэх хугацаа өмнөхөөсөө хойшлохыг илтгэж байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.
БНХАУ-ын Нүүрсний үндэсний ассоциаци ирэх онд нүүрсний эрэлт тогтвортой өсөж, харин 2030 он гэхэд өсөлт нь зогсож "хавтгайрна" гэсэн хүлээлттэй байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Хэдий тийм боловч эрчим хүчний нүүрсний одоогийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс долоо гаруй хувиар доогуур байна.
2020-2021 онд БНХАУ-д эрчим хүчний хомсдол бий болж, нүүрсний олборлолт эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор зах зээлийн дарамт нүүрсний үнэд нөлөөлсөөр байгаа юм. Энэ хугацаанд тус улсын эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн эзлэх хувь улам нэмэгджээ. Иймд нүүрсний нийлүүлэлтийн илүүдэл ирэх жилд ч хадгалагдах төлөвтэй.
“Bloomberg Intelligence” нүүрсний жишиг үнэ нь 2026 онд тонн нь дунджаар 660 юань, хамгийн ихдээ 850 юань хүрэх төсөөлөл энэ долоо хоногт гаргажээ.