
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын экспорт аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар буюу сүүлийн найман сард анх удаа буурсан үзүүлэлттэй гарлаа. “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан ихэнх эдийн засагч БНХАУ-ын экспорт 2.9 хувиар өснө гэж төсөөлж байсан аж.
Аравдугаар сарын эцсээр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар худалдааны хэлцэлд хүрэхээс өмнө хоёр улсын худалдааны дайн эрчимжсэн нь экспорт буурахад голлон нөлөөлсөн байна. Хэдийгээр тайлант хугацаанд экспорт нь буурсан ч оны эхний 10 сарын байдлаар БНХАУ-ын нийт экспорт гурван их наяд ам.доллар давжээ. Энэ нь бүх цаг үеийн өндөр хурдтай үзүүлэлт болов.
Жилийн ихэнх хугацаанд импорт нь буурсантай холбоотойгоор гадаад худалдааны ашиг нь дээд түвшинд хүрсээр байна. Сүүлийн байдлаар БНХАУ-ын гадаад худалдааны ашиг 965 тэрбум ам.доллар хүрчээ.
Өмнөх улиралд БНХАУ-ын экспорт эрс нэмэгдсэн ч тус улсын эдийн засаг сүүлийн нэг жилд байгаагүй доод түвшиндээ хүрч суларсан юм. Цаашдаа ч удаашрах хандлагатай гэдгийг шинжээчид анхааруулж байна.
Ирэх даваа гарагаас БНХАУ-ын бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан АНУ-ын тариф 10 хувь болж буурна. Үүнээс үүдэн хоёр улсын худалдаа оны эцэс үеэр эрс сэргэх төлөвтэй байна.