
Зургийг: Nathan Laine/Bloomberg
(Bloomberg) -- “Tesla” компанийн Гүйцэтгэх захирал Илон Маскт олгох шагнал, урамшууллын багцыг нэг их наяд ам.долларын дүнтэйгээр батлах төлөвлөгөөг тус компанийн хувьцаа эзэмшигчид зөвшөөрлөө. Энэ нь бүх цаг үеийн түүхэнд компанийн захиралд олгосон хамгийн өндөр дүнтэй урамшуулал болох юм.
Саналаа өгсөн хувьцаа эзэмшигчдийн 75 хувь нь дээрх шийдвэрийг дэмжсэн болохыг “Tesla” мягмар гарагт хувьцаа эзэмшигчдийнхээ хурлын үеэр мэдээлжээ. Жижиг хувьцаа эзэмшигчдээс дэмжлэг авахын тулд компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүн, нөлөө бүхий хөрөнгө оруулагчид, мөн Илон Маск өөрөө хэдэн долоо хоногийн турш сурталчилгаа, ухуулгын ажил хийсэн нь ийнхүү үр дүнд хүрсэн байна.
Энэхүү шийдвэр нь дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск ирэх 10 жилд “Tesla”-д эзэмших хувиа 25 болон түүнээс дээш хувьд хүргэх, цаашлаад их наяд ам.долларын хөрөнгөтэй дэлхийн анхны хүн болох замыг нь засаж байна. Хэдий тийм боловч нэг их наяд ам.долларын урамшууллыг бүтэн авахын тулд тэрбээр компанийн борлуулалтын зорилтыг биелүүлж, “Tesla”-ийн зах зээлийн үнэлгээг 8.5 их наяд ам.доллар хүргэн даацтай нэмэгдүүлэх ёстой. Мөн удаашраад байгаа автомашины бизнесийг сэргээж, дөнгөж эхэлж буй роботакси болон "Optimus" роботын төслийг хөл дээр нь бат зогсоох үүрэг хүлээж байна.
Хэрэв “Tesla” дахь хяналт нь нэмэгдэхгүй бол Гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэн өгч, бусад компаниуддаа илүүтэй анхаарч магадгүй байгаагаа Илон Маск өмнө нь илэрхийлж байсан юм.
Илон Маск бүх зорилтуудыг биелүүлж, “Tesla”-ийн үнэлгээг 8.5 их наяд ам.доллар хүргэлээ гэхэд түүний компанидаа эзэмшдэг нийт хувьцаа нь 2.4 их наяд орчим ам.доллароор үнэлэгдэхээр байна. Энэ нь түүний одоогийн 460 тэрбум ам.долларын хөрөнгөөс даруй дөрөв дахин их дүн болохыг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна.
Kara Carlson, Dana Hull, Tom Maloney