
Зургийг: Э.Тэнгис
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 97 орчим хувьтай байгааг Хотын инженерийн дэд бүтцийн газраас мэдээллээ. Одоогоор шугам сүлжээний тоног төхөөрөмжийн нөөц бүрдүүлэх ажил явагдаж буй бөгөөд удахгүй дуусахаар байгааг тодотгов.
Улаанбаатар 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор оны эхнээс эхлэн нэгдсэн төлөвлөгөө гарган, шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа аж. Энэ хүрээнд инженерийн дэд бүтэц, авто зам, тохижилт, бүтээн байгуулалт зэрэг нийт 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна.
2025 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн тусгай зориулалтын 240 машин механизмын парк шинэчлэлт хийхээр төлөвлөснөөс 170 нь нийлүүлэгджээ. Үүнээс 24 нь давс, бодис цацагч, 111 нь зам цэвэрлэгээний тусгай зориулалтын машин, техник байгаа аж.
Өнгөрсөн оны хувьд 3075 тонн давс, 1000 орчим тонн бодисоор өвлийг давж байсан бол энэ онд дунджаар тав дахин их нөөцтэй буюу 9518 тонн давс, 9590 тонн бодисыг нөөцлөхөөр төлөвлөжээ. Одоогийн байдлаар давсны нөөц бүрэн хангагдсан, бодисын нөөц 60-70 хувийн гүйцэтгэлтэй байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газар онцоллоо. Мөн цаашид дүүргүүдэд дэмжлэг болох зорилгоор 1000 тонн давс, бодис нийлүүлэх, худалдан авах ажиллагаа зохион байгуулж байна.
Энэ өвлийн бэлтгэл ажлын хүрээнд улс, нийслэл, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар дулааны гол 15.6 км шугам сүлжээг шинэчилж, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3в магистраль шугамыг засварлаж, орон сууцны хорооллын 19 км гадна шугам сүлжээг шинэчлэх зэрэг ажлуудыг гүйцэтгээд байна. Мөн 21 км-ийн авто замын борооны ус зайлуулах шугам шинээр тавьсныг Хотын инженерийн дэд бүтцийн газар тодотгов.