
Зургийг: Shawn Thew/EPA/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын Засгийн газар зэвсэг үйлдвэрлэлд өргөн ашиглагддаг вольфрамын дэлхийн хамгийн том ашиглагдаагүй ордуудын нэгийг ашиглахаар Казахстан улстай хэлэлцээ хийж байна. АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник Казахстаны хамгийн том вольфрамын хоёр ордыг ашиглах тендерийн талаар “Cove Kaz Capital Group” болон Казахстаны Баялгийн сангийн хооронд хэлэлцээр хийх суурийг тавьсан гэж эх сурвалжууд мэдээлжээ.
АНУ БНХАУ-ын газрын ховор элемент болон чухал ашигт малтмалын нийлүүлэлтээс хамааралтай байдлаа бууруулахыг зорьж буй бөгөөд энэ нь дэлхийн хоёр том эдийн засагтай улсын хоорондох худалдааны маргааны гол сэдэв болсон гэж хэлж болохоор байна.
АНУ-ын Засгийн газар олон улсын худалдааны захиргаа буюу “International Trade Commission”-оор дамжуулан хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа аж. АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүгийн корпорац, Экспорт-Импортын банк зэрэг холбооны байгууллагуудаар дамжуулан санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой гэж эх сурвалж мэдээлжээ. Эдгээр агентлагууд нь ихэвчлэн АНУ-аас гадуурх хувийн хэвшлийн төслүүдэд санхүүжилт олгох зорилгоор байгуулагдсан байдаг байна.
Хэлэлцээртэй холбоотой асуудлуудыг хараахан эцэслэн шийдээгүй байгаа бөгөөд АНУ хэлэлцээрийн хүрээнд зээлийн санхүүжилт олгох талаар яригдаж байгаагаа мэдээлжээ. Дональд Трампын засаг захиргаа одоогоор дээрх төсөлд хувьцаа эзэмших хүсэлгүй байгаа гэж АНУ-ын албан тушаалтан мэдээлсэн байна.
“Cove Kaz Capital Group” нь Казахстаны тусгаар тогтносон Баялгийн сан Самрук-Казынатай хэдэн сарын турш хэлэлцээр хийж байгаа ч зах зээлийн үнээс өндөр төлбөр төлөхөд бэлэн байгаа БНХАУ-ын Төрийн өмчит томоохон компанийн өрсөлдөөнтэй тулгарсан аж.
Энэхүү вольфрамын ордын хэлэлцээр нь АНУ-ыг тус талбайн төлөө БНХАУ-тай шууд өрсөлдөөнд оруулж байгаа юм. АНУ болон БНХАУ хуучин ЗХУ-д уурхай худалдаж авахын тулд бодитоор тендер зарлаж байгаа маш ховор тохиолдол болж байна.
Дээрх асуудалтай танилцсан хүмүүсийн мэдээлснээр вольфрамын ордууд олон тэрбум ам.доллароор үнэлэгддэг. Казахстаны Баялгийн сан өөрийн веб сайт дээрээ Кайрактинское болон Хойд Катпар гэсэн хоёр ордын байршлыг харуулжээ. Эдгээр орд нь "Казахстаныг дэлхийн вольфрамын зах зээлийн гол тоглогчдын нэг болгоно" гэж онцолж байна.
Joe Deaux, Josh Wingrove