
Зургийг: Jaimi Joy/Bloomberg
(Bloomberg) -- Английн Төв банк бодлогын хүүгээ дөрвөн хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Тус банкны Мөнгөний бодлогын хорооны таван гишүүн бодлогын хүүг хэвээр үлдээх санал өгсөн бол дөрөв нь бодлогын хүүг 0.25 нэгж хувиар бууруулах нь зүйтэй гэж үзжээ.
Инфляцын эрч харьцангуй саарч байгаа учир 12 дугаар сарын хурлаар бодлогын хүүг бууруулах магадлал тун өндөр байгааг онцоллоо. Тухайлбал: есдүгээр сард инфляц 3.8 хувьд хүрсэн нь оргил түвшин болсон гэж Төв банкны зүгээс үзэж байгаа бөгөөд иймд инфляц ирэх оны эхээр 3.1 хувь болж саарна гэж тооцоолжээ. Харин 2027 он гэхэд зорилтот хоёр хувийн түвшинд хүрнэ гэж үзсэн байна.
Төв банк бодлогын хүүг бууруулахын тулд илүү дата дээр суурилах хэрэгтэй гэж үзэж байна. Ялангуяа тус улсын Засгийн газрын намрын төсөв 11 дүгээр сарын 26-нд батлагдахын зэрэгцээ инфляц болон хөдөлмөрийн захын гол мэдээллүүд гарахаар хүлээгдэж байна.
Үүнээс гадна Төв банкнаас нь Их Британийн эдийн засаг 2025 онд 1.5 хувиар өснө гэж өмнөх төсөөллөө ахиулсан бол ажилгүйдлийн түвшин бага зэрэг өсөж, 5.1 хувьд хүрнэ гэж тооцоолжээ.
Английн Төв банкны шийдвэрийн дараа фунт стерлингийн ханш суларч, бондын өгөөж бага зэрэг буурлаа.
Английн Төв банкны тэргүүн Эндрю Бэйли
“Наймдугаар сард инфляц хэт өндөр дүнгээр эрчимжих вий гэж болгоомжлол байсан. Хэдий тийм боловч сүүлд гарсан шинэ дата мэдээллүүд гол эрсдэлүүдийг илүү тэнцвэржүүлж өгсөн. Энэ бол одоогийн миний бодол, өмнө нь хэлсэнчлэн бидэнд илүү баримт нотолгоо, дата мэдээлэл шаардлагатай. Сүүлд инфляцын мэдээлэл гарсан. Бидний тооцоолж байснаас доогуур гарсан нь тун сайн хэрэг. Гэхдээ бид бүрэн итгэлтэй байхын тул хэд хэдэн үр дүн, статистик мэдээллийг харгалзан үзэх хэрэгтэй” гэж мэдэгдлээ.
Philip Aldrick, Tom Rees