
Зургийг: Justin Chin/Bloomberg
Нийтлэлч Шули Рен
Шули Рен нь Азийн зах зээлийг хариуцсан "Bloomberg Opinion"-ийн нийтлэлч юм. Хөрөнгө оруулалтын банкир байсан тэрбээр "Barron’s"-ийн зах зээлийн сурвалжлагчаар ажиллаж байсан. CFA-ийн зэрэгтэй.
(Bloomberg Opinion) -- Хонконг маш хурдацтайгаар оюутнуудын хот болон хөгжиж байна. 2021 оноос хойш гадаад оюутнууд, ялангуяа БНХАУ-аас ирэх суралцагчдын тоо бараг хоёр дахин нэмэгджээ. Магистрын зэрэг горилогч оюутнуудын тоо огцом өссөн нь үүнд гол түлхэц болсон байна.
Залуусын энэхүү их урсгал нь үл хөдлөх хөрөнгийн салбарын сунжирсан уналтад нэрвэгдсэн Хонконгийн эдийн засагт дэм өгч байна. Тус хотод орон сууцны түрээсийн үнэ түүхэн дээд түвшинд дөхөөд байгаатай зэрэгцэн бэл бэнчин сайтай их сургуулиуд анги танхим, оюутны дотуур байраа нэмэгдүүлэхийн тулд хотын өнцөг булан бүрд үл хөдлөх хөрөнгө худалдан авах болжээ.
Хонконгт суралцах нь санхүүгийн хувьд ихэнх оюутнуудад амаргүй даваа. Амьжиргааны зардал өндөрсөж, их сургуулиуд нь төлбөрөө нэмж байна. Жишээлбэл: Хонконгийн их сургуулийн STEM-ээс бусад хөтөлбөрийн оюутнууд жилд 198 мянган хонконг доллар буюу 25,473 ам.доллар төлж буй нь өнгөрсөн оныхоос есөн хувиар өндөр дүн аж.
Эх газрын Хятадад нэр хүндтэй их сургуулиуд мундахгүй атал хятад оюутнууд яагаад гэнэт Хонконгийн их сургуулиудыг сонирхох болов? 2024-2025 оны хичээлийн жилд Хонконгт суралцах гадаад оюутнуудын 70 гаруй хувийг нь БНХАУ-ын оюутнууд бүрдүүлжээ.
БНХАУ жижиг лабораторид ажиллаж буй залуу судлаачдыг дэмжихээс илүүтэй элит түвшний эрдэмтдэдээ анхаарлаа төвлөрүүлж, тэдэнд олон сая ам.долларын санхүүжилт олгож ирсэн. Судалгааны нийт санхүүжилт нэмэгдлээ ч тэрхүү тэгш бус байдал сүүлийн жилүүдэд улам дордсоор байна. Тэгэхээр хамгийн дэвшилтэт судалгаа хийх сонирхол, амбицтай 18 настай оюутан мөрөөдөл болсон Цинхуа их сургуульдаа тэнцэж чадахгүй бол дараагийн сонголт нь юу байх вэ?
Үүнийг Хонконгийн шилдэг их сургуулиуд л санал болгож байна. БНХАУ-ын элсэлтийн шалгалт буюу “гаокао”-д төгс оноо авч чадаагүй оюутнууд Цинхуа зэрэг дэлхийн хэмжээний их сургуулиудад элсэх боломжоо алдах эрсдэлтэй байдаг. Харин Хонконгийн хувьд “гаокао”-ийн оноо нь шилдэг хөтөлбөрүүдэд элсэх цор ганц шалгуур биш бөгөөд боловсролын нөөц боломжийг оюутнуудад илүү шударгаар, тэгш хүртээмжтэйгээр хуваарилдаг.
БНХАУ эдийн засгийн бүтцийн гүнзгий өөрчлөлтийн үе шатанд явж буй энэ үед гэр бүлүүд мэргэжлээ зөв сонгох нь их сургуулийн нэр хүндтэй эн тэнцэхүйц чухал шийдвэр гэдгийг улам бүр ухамсарлах болсон байна. Сүүлийн таван жилд санхүү, барилгын инженерчлэл зэрэг мэргэжлүүдийн нэр хүнд буурсан бол сувилахуйн болон механик инженерчлэлийн чиглэл улам бүр эрэлттэй болжээ. Тэгвэл их сургуулийн оюутнууд сургуулиа төгсөх үед эзэмшсэн мэргэжил нь хэрэгцээгүй болох аюулаас яаж хамгаалах вэ?
Хонконгийн оюутнууд мэргэжлээ эрт сонгох шаардлагагүй бөгөөд тэдний талаас илүү хувь нь хоёр болон түүнээс дээш мэргэжлээр төгсдөг болохыг Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Бизнесийн сургуулийн дэд захирал асан, одоо Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж буй Аллен Хуан онцолсон байна. Жишээлбэл: бизнесийн чиглэлээр суралцаж буй оюутан инженерийн хөтөлбөрийг давхар судлах боломжтой. Хэдий тийм боловч сургалтын хөтөлбөрийн ялгаатай шаардлагыг биелүүлэхийн тулд нэмж нэг жилийг зарцуулах шаардлагатай болох магадлалтай.
Мэдээж зарим хүмүүс жижиг нуурын том загас байхыг хүсдэг. Өөрөөр хэлбэл Эх газрын Хятадын эцэс төгсгөлгүй өрсөлдөөнөөс зайлсхийх болсон. Өнгөрсөн онд Хонконгийн ахлах сургуулийн төгсөгчдийн 20 гаруй хувь нь Хонконгийн их сургууль, Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Хонконгийн "City" их сургууль зэрэг тэргүүлэх сургуулиудад элсжээ. Харин “Project 985” гэгддэг БНХАУ-ын элит сургуулиудын элсэлтийн хувь ердөө нэг оронтой тоонд байсан байна. Тиймээс Хонконгт ирсэн Эх газрын оюутнууд ангийнхаа шилдэг сурагчдын нэг болж, цаашид өндөр цалинтай ажилд орох боломжоо нэмэгдүүлнэ гэж ойлгож болох юм.
Мөн Хонконг хамаагүй өндөр цалин санал болгодог. Цинхуа их сургуулийг төгссөн, гурван жилийн туршлагатай хүмүүс дунджаар 238,188 юань буюу 33,526 ам.долларын орлого олдог болохыг цахимаар ажилд зуучлагч “Zhaopin”-ийн статистикаас харж болно. Харин Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуульд суралцсан төгсөгч үүнээс 80 орчим хувиар өндөр буюу 480,000 хонконг долларын орлого олох тооцоо гарчээ. Харин шилдэг төгсөгчдийн хувьд жилдээ нэг сая хүртэлх хонконг доллароор цалинжих боломжтой байна.
Хүмүүс Хонконгийг ихэвчлэн дэлхийн санхүүгийн зангилаа цэг гэж ойлгодог. Гэвч энэ хот бол гадаад зах зээлд тэлэхийг хүссэн БНХАУ-ын компаниудад зориулсан хөрөнгө босгох талбар, эсвэл Эх газрын чинээлэг иргэдэд зориулсан хөрөнгө удирдах төвөөс хавь илүү юм. Олон арван жилийн турш Хонконг нь хойд нутгийн соёл болон улс төрийн хатуу хэм хэмжээнээс ангижрахыг хүссэн сая сая хүнд шинэ эхлэлийн цэг болсон газар байсаар иржээ. Иймд өндөр боловсрол бол Хонконгийн бас нэг давуу тал болж таарч байна.