
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
“Оюу Толгой” компани III улиралд 89.3 мянган тонн зэс үйлдвэрлэсэн нь өмнөх улирлаас 2.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Энэ нь зорилтот 99.7 мянган тоннд хараахан хүрээгүй дүн боловч эхний гурван улирлын байдлаарх нийт үйлдвэрлэл 241 мянган тонн хүрч, 2024 оны бүтэн жилийн үзүүлэлтийг хэдийн давжээ.
Гүний уурхайн үйл ажиллагаа нь жигдэрснээр энэ онд төслийн зэсийн гарц 50 гаруй хувиар нэмэгдэх төлөвтэй хэвээр байгаа юм. Мөн 138.2 мянган унц алт үйлдвэрлэж, өмнөх улирлаас 40 гаруй хувиар ахиулсан байна.
Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой” төслийн зээлийн хүүг бууруулахаар хөрөнгө оруулагч “Rio Tinto” компанитай хэлэлцэж буй чухал үед энэ тайлан гарч байна. Урьдчилсан байдлаар талууд зээлийн хүүг бууруулахаар зөвшилцөж, тавьж буй нөхцөлүүдийг нягталж судалснаар хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр болсныг салбарын сайд мэдээлсэн. Хэдий тийм боловч тэрхүү хэлэлцээрээр яригдах өөр нэг төвөгтэй асуудал нь “Entrée Resources”-ийн эзэмшлийн талбай, одоо хүртэл тодорхойгүй байгаа лиценз шилжүүлэлт юм.
Тус компанийн "Шивээ толгой" тусгай зөвшөөрлийн талбайд Оюутолгойн “Лифт 1”, “Панель 1”-ийн гүний уурхайн хөгжүүлэлтийн талбай хамаардаг. Хэрэв 11 дүгээр сард багтаж лиценз шилжихгүй бол “Оюу Толгой” ХХК ирэх оны уулын ажлын төлөвлөгөөндөө “Панель 1”-ийг багтаахгүйгээ мэдээлжээ. Мөн олборлолтын төлөвлөгөөг өмнөд хэсгийн “Панель 2” руу шилжүүлж, лицензүүд хожим шилжсэн тохиолдолд шинэ ТЭЗҮ боловсруулах хэрэгцээ үүсэж болзошгүйг онцолсон байна.
“Entrée Resources” компани өнгөрсөн улиралд 3.26 сая ам.долларын алдагдал хүлээсэн нь өмнөх оны мөн үед 1.93 сая ам.доллар байснаас 69 хувиар өссөн үзүүлэлт болохыг тайлан нь харуулж байна. Тус компанийн хойшлогдсон орлогын санхүүгийн зардал, хүүгийн зардал нэлээн өндөр байгаа бөгөөд оны эхний есөн сарын алдагдал нь 7.14 сая ам.доллар хүрээд байгаа аж.