
Зургийг: Ryan Haskins/Asics/ Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- Тренд хөөгч жуулчид Токиод аялаад буцахдаа матча ногоон цай, “Monchhichi”-ийн сюрпризтэй хайрцаг, “7-Eleven”-ийн элдэв амттанаас гадна чемодандаа өөр нэг зүйлийг заавал багтаах болжээ. Энэ нь гутлын зах зээлд шинэ давлагаа бий болгож байна.
Японоос заавал авч явах тэрхүү бүтээгдэхүүн нь 76 жилийн түүхт “Onitsuka Tiger”-ийн спорт гутал юм. Олон арван жилийн турш үнэнч хэрэглэгчдийн хүрээлэлтэй байсан энэхүү загварын гутал нь сүүлийн үед Японыг чиглэсэн аялал жуулчлалын асар их урсгал болон цахим орчинд ид хүчээ авч буй япон бүтээгдэхүүнүүдийн ачаар дахин мандаж байна.
“Onitsuka”-ийн борлуулалт энэ оны эхний хагаст ойролцоогоор 66 тэрбум иен буюу 434 сая ам.доллар хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлт болсныг тус компанийн сүүлд гаргасан тайлан харууллаа. Хөрөнгө оруулагчид тус брэндийн толгой компани “Asics” руу хошуурснаар хувьцааны ханш нь аравдугаар сарын 27-ны өдрөөр эцэслэсэн санхүүгийн хоёр жилд бараг гурав дахин өсжээ. Харин өрсөлдөгч “Adidas” компанийн хувьцааны ханш мөн хугацаанд 13 гаруй хувиар, “Nike”-ийнх 30 хувиар унасан байна.
“Onitsuka” брэндийн нимгэн ултай, өнгөний өргөн сонголттой, арьсан гадартай “Mexico 66” болон “Tokuten” загварын спорт гутлын бичлэгүүд цахим орчинд өргөн тархаж байгаа юм. Токиогийн загварын төв болсон Гинза дүүрэгт байрлах тус брэндийн төв дэлгүүр нь нөлөө бүхий контент бүтээгчдийн зураг авалт хийх дуртай газар. Анх 1968 оны зуны Олимпын наадамд зориулан бүтээж, хожмоо “Kill Bill” кинонд жүжигчин Ума Турман өмссөнөөр дэлхий даяар алдартай болгосон “Mexico 66” загварт зориулсан бүхэл бүтэн давхар тус дэлгүүрт бий. Мөн үйлчлүүлэгчид худалдан авсан гутал дээрээ өөрийн нэрийн эхний үсгийг хатгамлаар оёулж болдгоороо онцлог.
“Дараагийн удаа би Япон явахдаа мөнгөлөг, алтлаг, бор өнгөнөөс нь авах бодолтой байна” гэж Сиэтл хотын контент бүтээгч Элиз Брулотте “TikTok”-ийн нэгэн бичлэгт цагаан-хар өнгийн гутлаа үзүүлэнгээ ярьж байлаа.
Иений ханш 2024 онд 38 жилийн доод түвшинд хүрснээр Япон улс жуулчдын хувьд мөрөөдлийн газар нь болжээ. Тэдний хувьд Японд очиж дэлгүүр хэсэх нь ялангуяа АНУ-тай харьцуулахад хамаагүй хямд хэвээр байна. Лос Анжелес хотын эрэгтэй хувцас загварын инфлүэнсэр Жефф Ямазаки саяхан Токиод “Onitsuka Tiger”-ийн спорт гутлыг хаанаас худалдаж авах талаар хуваалцжээ. Тэрбээр энэ оны эхээр Японд хийсэн аяллынхаа үеэр “Mexico 66” загварын спорт гутлыг 95 орчим ам.доллароор худалдаж авснаа ярьж байв. Хэрэв цахимаар захиалаад АНУ руу хүргүүлж авсан бол яг ижилхэн гутал хоёр дахин үнэтэй байх байжээ.
Дональд Трампын засаг захиргааны үеийн инфляц болон тарифын нөлөөгөөр сүүлийн жилүүдэд олон бүтээгдэхүүн илүү үнэтэй болоод буй. “Onitsuka” ч мөн адил өртөг зардал нь нэмэгдсэний улмаас 2023 онд Хойд Америк дахь жижиглэн худалдааны дэлгүүрүүдээ хаах шийдвэр гаргаж байв. Тухайн үед “Asics” компани ашгийн үзүүлэлтээ нэмэгдүүлэхийн тулд ийм алхам хийсэн гэж мэдэгдэж байв.
Хэдий тийм боловч “Onitsuka” 2027 он гэхэд АНУ-ын зах зээлд эргэн нэвтрэхээр төлөвлөж байгаагаа энэ зун хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулгадаа дурджээ.
“Consumer Collective”-ийн хамтран үүсгэн байгуулагч, жижиглэн худалдааны зөвлөх Жессика Рамирезийн хэлснээр АНУ-ын зах зээлээс түр хугацаанд гарах “Onitsuka”-ийн шийдвэр нь тус брэндийг тансаг зэрэглэлийн брэнд болгоход хөтөлсөн аж.
“Onitsuka” тун удахгүй “Versace” брэндтэй хамтран ажиллахын зэрэгцээ энэ оны эхээр Миланы загварын долоо хоногт оролцсон зэрэг нь тус брэнд дэлхийн тавцанд тансаг зэрэглэлийн брэнд болох сууриа бэхжүүлж байгаагийн илрэл боллоо.
Avalon Pernell