logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    Дэлхийн Банк: Монгол Улс хөдөлмөр эрхлэлтийн боломжийг тэнцвэржүүлэх шаардлагатай
    Нийтэлсэн огноо: 2025 оны 11 сарын 04 10:00
    209

    Зургийг: Э.Тэнгис

    Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт дотоод болон гадаад эрсдэлүүдээс шалтгаалан энэ онд саарах эрсдэлтэй байгааг Дэлхийн Банк мэдээлэв

    Дэлхийн банк аравдугаар сарын шинэ тайландаа Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжлийн гол асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх зөвлөмжүүдийг танилцууллаа. Тайланд Монгол Улсын, тэр дундаа хөдөлмөрийн зах зээл дэх тулгамдсан асуудлууд болон хөгжлийн боломжуудыг тодотгосон нь анхаарал татаж байна.

    Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд боловсон хүчний дутмаг байдал, залуучуудын ажиллах боломжийн хязгаарлалт, хот болон хөдөө орон нутгийн хоорондын ажлын байрны тэнцвэргүй байдал зэрэг олон сорилттой тулгарч буйг Дэлхийн Банк тайландаа тодотгожээ. Энэ хүрээнд боловсрол, сургалт, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг эрчимжүүлж, ажил олгогчдын хэрэгцээнд нийцсэн ур чадварыг эзэмшүүлэх, залуучуудыг дэмжихэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх талд арга хэмжээ авах шаардлагатайг онцолсон байна.

    EAP-TUSGAI-GFX-2.png

    Мөн дэд бүтцийн хөгжлийн төсөл, хот болон орон нутгийн ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийн боломжийг тэнцвэржүүлэх шаардлагатайг тодотгосон байна.

    Тайланд дурдсан бусад зөвлөмжөөс дурдвал жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхээс гадна албан бус хөдөлмөрийн зах зээлд ажиллаж буй иргэдийг илүү хамгаалах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг сануулжээ.

    Түүнчлэн технологийн шинэчлэл, дижиталчлалын давуу талыг ашиглан зайнаас ажиллах зэргээр цахим платформ ашиглан хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг онцолсон байна.

    Үүнээс гадна Дэлхийн Банкны шинжээчдийн үзэж буйгаар гадаад орчин таатай бус болж, дотоодын хүндрэл бэрхшээл тулгарсаар буй тул Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн улс, орнуудын эдийн засгийн өсөлт удааширч, ахиц дэвшил гаргахааргүй байгаа аж.

    Бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох БНХАУ-ын эдийн засаг энэ онд 4.8 хувиар өснө гэж таамагласан бол экспортын өсөлтийн бууралт, улсын өрийн өсөлт, төсвийн өдөөлт буурч болзошгүй, мөн эдийн засгийн бүтцийн буюу төрөлхийн удаашрал үргэлжилж байгаагаас шалтгаалан 2026 онд 4.2 хувь болж, өсөлтийн хувь хэмжээ буурах төлөвтэй байна гэж Дэлхийн Банк үзэж байна.

    EAP-TUSGAI-GFX-1.png

    Мөн худалдааны саад тотгор болон дэлхийн эдийн засгийн бодлогын тодорхойгүй байдал улам бүр нэмэгдэж, дэлхийн нийт эдийн засгийн өсөлт удааширч, мөн дотоодын улс төр, бодлогын тодорхойгүй байдал, нэн ялангуяа Индонез, Тайланд зэрэг улсад нэмэгдсэн зэргээс үүдэн бүс нутгийн бусад улс орнуудын эдийн засгийн өсөлт 2025 онд 4.4 хувь, 2026 онд 4.5 хувьтай байх төлөвтэй байна. Номхон далайн арлын орнууд дэлхий даяарх нөхцөл байдал болон байгалийн элдэв гамшигт өртөмтгий хэвээр тул эдгээр орнуудын эдийн засаг 2025 онд ердөө 2.7 хувиар, 2026 онд 2.8 хувиар өсөх төлөвтэй байгааг Дэлхийн Банк онцоллоо.

    Харин Монгол Улсын тухайд эдийн засгийн төрөлжилтөд дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Ашигт малтмалын салбараас хэт хамааралтай байдлыг бууруулж, жижиг, дунд үйлдвэрлэл болон бусад салбарыг дэмжих замаар тогтвортой өсөлтөө хангах боломжтой гэж үзэж байна.

    Түүнчлэн хүний чадавх, иргэдийн амьдрах чанарт хөрөнгө оруулах буюу боловсрол, эрүүл мэнд, хүний капиталын хөгжилд дэмжлэг үзүүлэхийг зөвлөжээ. Хөдөө аж ахуй, ус, хүнсний аюулгүй байдал, ой мод, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, мөн байгаль орчны хамгаалал, тогтвортой үйлдвэрлэлийн загваруудыг дэмжих нь Монгол Улсын урт хугацааны хөгжилд чухал нөлөөтэй гэдгийг онцолж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих