
Зургийг: Taylor Weidman/Bloomberg
Засгийн газар “Оюутолгой” төслийн зээлийн хүүг бууруулах асуудлаар “Rio Tinto” компанийн төлөөлөлтэй хийх албан ёсны хэлэлцээг энэ долоо хоногт эхлүүллээ. Эхний шат нь дөрвөн өдөр үргэлжлэх хэлэлцээрээр зээлийн хүүг бууруулахаас гадна хүүгээс хүү тооцож буйг эргэн харах, менежмент засаглалыг сайжруулах, ногдол ашиг хүртэх хугацааг урагшлуулах зэрэг асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Сангийн сайд Б.Жавхлан “Хэлэлцээрийн зорилго нь Монголд ирэх өгөөжийг анх тохирсон ёсоор 53 хувьд хүргэх. Тиймээс хэлэлцэх асуудлын хүрээ зөвхөн зээлийн хүү бууруулах биш. Менежментийн үйлчилгээний төлбөрийг бууруулах, зардалтай холбоотой бусад асуудлыг хөндөнө” гэж тодотгов. Харин Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Оюутолгойн зээлийн хүүг бууруулснаар Монголын талын авах үр өгөөж нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл ногдол ашиг авах хугацаагаа наашлуулна гэсэн үг. Үндэсний баялгийн санд энэ мөнгө аль болох эрт орж, ард түмэнд шууд үр өгөөжөө өгнө" гэж мэдэгдлээ.
“Rio Tinto” компани "Оюутолгой"-д нийт 20 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс дөрвөн тэрбум ам.доллар нь хувьцаа эзэмших байдлаар, үлдсэн нь зээлээр хийгджээ. “Анх гэрээ байгуулахад Монголын тал 53 хувийн өгөөж хүртэнэ гэж заасан ч өнөөдөр бодит байдал дээр 26-27 орчим хувийн өгөөж хүртэж байна. Засгийн газраас Монголын талын хүртэх өгөөжийг 53 хувьд хүргэх чиглэлийг ажлын хэсэгт өгсөн” гэдгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлсэн юм.
Төслийн зээлийн хүү одоогоор LIBOR хүү дээр нэмэх нь 6.5 хувь байгааг аль болох боломжит хэмжээгээр бууруулахыг Засгийн газар зорих аж. Монгол Улсын зээлжих зэрэглэл 10 жилийн дараа “B+”, тогтвортой түвшинд хүрч, ахисан нь зээлийн хүүг бууруулах хэлэлцээрт чухал хөшүүрэг болно гэдгийг Сангийн сайд тодотгож байв.
Үүнээс гадна “Entrée” компанийн эзэмшиж буй талбайд Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцээрийн төгсгөлд ярихыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд онцоллоо. Оюутолгойн бүлэг ордын геологийн нөөцийн 32 хувь нь буюу 10.3 сая тонн зэс, 759 тонн алт, 3300 тонн мөнгөний нөөцтэй хэсэг нь “Entrée”-ийн эзэмшиж буй талбайд хамаардаг аж.