
Зургийг: Na Bian/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын Коммунист нам мягмар гарагт гаргасан албан ёсны мэдэгдэлдээ эдийн засгийн XV таван жилийн төлөвлөгөө хэрэгжих хугацаанд буюу 2026-2030 оны хооронд нүүрс болон газрын тосны хэрэглээгээ оргилд нь хүргэх буюу дахиж өсөхөөргүй түвшинд хүргэх зорилт тусгажээ. Энэхүү мессеж нь Ерөнхийлөгч Ши Жиньпиний 2021 оны IV сард хэлсэн үгнээс ялимгүй зөрж байгаа юм. БНХАУ 2026-2030 оны мөчлөгт нүүрсний хэрэглээгээ бууруулж эхэлнэ гэж тэрбээр тухайн үед мэдэгдэж байв.
Хэдийгээр үгийн сонголтыг өөрөөр тайлбарлаж болох ч анзаарах ёстой нэгэн чухал ялгаа байна. Шинэ зорилтод 2030 он хүртэл нүүрсний хэрэглээ өсөхийг зөвшөөрөх агуулга байгаа бол өмнөх зорилтод 2030 он гэхэд хэрэглээг ядаж тодорхой хэмжээгээр бууруулсан байхыг шаардаж байгаа юм.
“Төрийн дээд түвшний санал зөвлөмжид нүүрс, газрын тосны хэрэглээг бууруулах утга багтсан нь сайн зүйл боловч хэрэглээ нь ирэх таван жилийн яг хэзээ оргилдоо хүрэхийг тодорхойлоогүй байна. Тэгэхээр өмнөх амлалтаас ялгаатай нь нүүрсний хэрэглээ үргэлжлэн өсөх орон зай үлдээж байж магадгүй” хэмээн Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төвийн БНХАУ-ын Бодлогын шинжээч Белинда Шэйпе онцолжээ.
2021 онд Ши Жиньпин дээрх амлалтыг өгснөөс хойш БНХАУ-ын нүүрсний салбарт томоохон шилжилт явагджээ. Тухайн жилд тус улс нүүрсний хомсдолоос голчлон шалтгаалсан эрчим хүчний өргөн хүрээний дутагдалд орж байв. Хариуд нь БНХАУ-ын Засгийн газар дотоодын нүүрсний олборлолт болон импортын хэмжээг эрс өсгөх арга хэмжээ авсан юм.
Нүүрсний гүйцэтгэх үүрэг ч мөн өөрчлөгдөж байна. Тус улсын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр эрчимтэй нэмэгдсэнээр эрчим хүчний салбарт нүүрсний хэрэглээ шахагдаж, энэ оны эхний есөн сард л гэхэд нүүрснээс үйлдвэрлэсэн эрчим хүч 2.4 хувиар буурсныг БНХАУ-ын Эрчим хүчний зөвлөл мэдээлжээ. Гэтэл нөгөө талд нүүрсийг шингэн түлш, хийн түлш болгон хувиргах үйлдвэрлэл эрчимтэй тэлж байна.
Lili Pike, Dan Murtaugh