
Зургийг: Angel Garcia/Bloomberg
(Bloomberg) -- “Nvidia” компани харилцаа холбооны “Nokia Oyj” компанид утасгүй сүлжээнд ашиглах хиймэл оюунт чип нийлүүлж, оронд нь тус компанийн нэг тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хувьцаа эзэмшихээр төлөвлөсөн байна.
Энэхүү мэдээллийн дараа “Nokia”-ийн Хельсинкид бүртгэлтэй хувьцааны ханш 21 хувиар өссөн нь 2013 оноос хойших хамгийн огцом өсөлтөөр бүртгэгджээ.
Хэлцлийн хүрээнд “Nokia” компани “Nvidia”-д зориулан нэгж бүр нь 6.01 ам.долларын үнэтэй 166 сая ширхэг хувьцаа гаргах бөгөөд ингэснээр “Nvidia” тус компанийн 2.9 хувийг эзэмшдэг болох аж. Мөн “Nokia” 5G, 6G сүлжээний программ хангамждаа “Nvidia”-ийн хурдасгуур чипийг ашиглах бол “Nvidia” хиймэл оюуны дэд бүтцэдээ “Nokia”-ийн дата төвийн технологийг нэвтрүүлэх арга зам судлахыг компаниуд хамтарсан мэдэгдэлдээ онцолжээ.
Нэгэн цагт дэлхийн гар утасны зах зээлд ноёрхож байсан ч хожим өрсөлдөгчдөдөө шахагдсан Финландын “Nokia” компани сүлжээний үйлчилгээ рүү үндсэн үйл ажиллагаагаа шилжүүлж, утасгүй сүлжээний эд ангийн тэргүүлэх нийлүүлэгчдийн нэг болсон юм.
Сүүлийн жилүүдэд хиймэл оюуны тэсрэлт нь тооцоолон бодох хүчин чадлын эрэлтийг өсгөсөнтэй холбоотойгоор тус компани дата төвийн бизнест хүч хаяж эхэлжээ. Энэхүү алхам нь үр дүнгээ өгч, өнгөрсөн улиралд “Nokia”-ийн ашгийн үзүүлэлт “Wall Street”-ийн шинжээчдийн төсөөллөөс давсан байна.
“Nvidia” компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан
“Nokia дэлхийн бүх л утасгүй сүлжээний бааз станцуудад холбогдсон. “Nokia”-ийн энэхүү асар том платформ нь дэлхий даяар сая сая сүлжээний станцуудад хүрч ажилладаг. Гэхдээ хэрэв бид компьютерүүдээ эдгээр станцад суурилуулж чадахгүй бол ямар ч их нэмэргүй. “Nvidia”-ийн тооцооллын системийг машиндаа суурилахгүй бол давуу талыг нь мэдэхгүйтэй адил. Тиймээс бидэнд хамгийн түрүүнд хэрэгтэй зүйл бол дэлхийн хэмжээнд сүлжээний станцуудад холбож өгөх түнш байсан. Мөн бид утасгүй технологийг илүү үр ашигтай болгохын тулд радио сүлжээнд хиймэл оюун, нэвтрүүлж байгааг санаарай. Энэ нь бидэнд робот техник, автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн автоматжуулалтыг хялбарчилж, Wi-Fi-тай үед ч хүрэхэд хэцүү байсан дэлхийн өнцөг булан бүрд хүрэх боломж олгоно. Үүрэн холбоо бүх зүйлд нэвтэрнэ. Тиймээс хиймэл оюуны тооцооллыг утасгүй сүлжээнд нэвтрүүлэх боломжтой болно гэсэн үг. Энэ нь бүрэн хувьсгал байх болно” гэж мэдэгдлээ.
Jillian Deutsch, Ian King