
Зургийг: Rio Tinto
“Rio Tinto” компани БНХАУ-ын Эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпорац буюу “SPIC Qiyuan”-тай хамтран Оюутолгойн уурхайд бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, батарейг нь сольдог өөрөө буулгагч автомашины туршилт эхлүүлснээ мэдээлжээ.
Ийм төрлийн өөрөө буулгагчийг “Rio Tinto” ил уурхайн үйл ажиллагаандаа анх удаа ашиглаж буй нь энэ бөгөөд уурхайн тээврийн хэрэгслээс ялгарах хийг бууруулахад шаардлагатай өртөг багатай технологи, үйл ажиллагааны туршлага хөгжүүлэх томоохон алхам болж буйг онцолж байна.
Сүүлийн жил гаруйн хугацаанд “Rio Tinto”, “SPIC Qiyuan” компаниуд 91 тонны даацтай “Tonly “загварын найман автомашин, тус бүр 800 кВт/цагийн хүчин чадалтай 13 ширхэг батарей, суурин цэнэглэгч, батарей солих станц болон бусад дэд бүтцийг оруулж ирж, ажиллагаанд нэвтрүүлсэн байна. Батарей солих технологи ашигласнаар цахилгаан тээврийн хэрэгслийг суурин цэнэглэх шаардлагагүй буюу долоон минут хүрэхгүй хугацаанд батарейг нь сольж бүрэн цэнэгтэй болгох давуу талтай аж.
Шинэ автомашинууд, тоног төхөөрөмжийг 2026 он дуустал туршиж, ялгарал багатай технологи илүү өргөн хүрээнд нэвтрүүлэх боломжийг судлахыг “Rio Tinto” мэдээлжээ.