logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    СЗХ “Говь” ХК-ийг хууль зөрчсөн гэж дүгнэж, хэлбэрээ өөрчлөх ажиллагааг нь зогсоохоор шийдвэрлэв
    Нийтэлсэн огноо: 2025 оны 10 сарын 27 11:40
    1028

    Зургийг: gobi.mn

    Санхүүгийн Зохицуулах Хорооноос “Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болох ажиллагааг зогсоосноо мэдээллээ. Тус компанийн худалдан авах хэлцэлтэй холбоотой зөрчил болон жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт учирч болзошгүй эрсдэлийг харгалзан дээрх шийдвэрийг гаргаснаа онцолсон байна.

    Есдүгээр сарын наймны өдөр тус компани хэлбэрээ өөрчлөх шийдвэр гаргасны дараа Санхүүгийн Зохицуулах Хороо газар дээрх хяналт шалгалт эхлүүлээд байсан юм.  Санхүүгийн Зохицуулах Хорооны дүгнэлтээр 2019 онд “Говь” ХК 15.0 сая ам.доллароор “Таван Богд Холдингс” компаниас “Гоёо” ХХК-ийг худалдан авч, 101.5 тэрбум төгрөгийн зээлийг нь шилжүүлэн авахаар шийдвэрлэсэн бөгөөд 2019-2024 оны хооронд энэхүү хэлцэлтэй холбоотой зээл, хувьцааны төлбөрт 161.7 тэрбум төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан болохыг тооцоолжээ. Ингэхдээ тус компани шаардлагатай судалгаа тооцоолол, хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээ хийлгээгүй, ТУЗ-ийн дэргэдэх аудитын хорооны дүгнэлтгүйгээр хэлцэл хийснээс гадна “Гоёо” ХХК-ийг нэгтгэх шийдвэр гаргаагүй байхдаа эрх зүйн болон бодит үндэслэлгүйгээр компанийн өрийг шилжүүлэн авч төлсөн нь хууль зөрчсөн гэж үзсэн байна.

    Эдгээр үйлдлээс шалтгаалан компанийн өрийн ачаалал болон санхүүжилтийн зардал өсөж, зургаан жилийн турш ашиггүй ажиллахад хүргэснээр хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгох боломжгүй нөхцөл үүссэн гэж дүгнэжээ. 2025 оны II улирлын байдлаар компанийн өр төлбөр 388.7 тэрбум төгрөг байсан нь аравдугаар сарын 24-ний өдрийн байдлаарх зах зээлийн үнэлгээнээс нь хоёр дахин өндөр дүн болж байна.

    Мөн тус компани 2019 оноос хойш хөнгөлөлтэй нөхцөлөөр нийт 228.3 тэрбум төгрөгийн зээл авснаас 31.8 хувийг нь зориулалтын дагуу зарцуулсан бол бусад зээлийн төлбөрийн зарцуулалт тодорхойгүй байгааг Санхүүгийн Зохицуулах Хороо тэмдэглэжээ.

    Иймд компанийн нийт хувьцааны 10.3 хувийг эзэмшиж буй 25 мянга гаруй жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалах үүднээс Санхүүгийн Зохицуулах Хороо “Говь” ХК-д зөрчлүүдээ арилгах, хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх,  санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулсны дараа хувьцааны бодит үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар дахин хийлгүүлэх зэрэг үүрэг даалгаврыг хүргүүлж, эдгээр асуудлыг шийдвэрлэх хүртэл тус компанийн хэлбэрээ өөрчлөх ажиллагааг зогсоож байгаагаа мэдэгдсэн байна. 

    Энэ хугацаанд "Говь" ХК-ийн Монголын Хөрөнгийн бирж дэх хувьцааны арилжаа хэвийн үргэлжлэх аж. 

    Cэтгэгдэл бичих