
Зургийг: Matt Jelonek/Bloomberg
“Rio Tinto” компани БНХАУ-ын Хөнгөн цагааны корпорац буюу “Chinalco” компанитай хувьцааг хөрөнгөөр солилцох (asset-for-equity swap) хэлцэл хийж магадгүй байгааг “Reuters” агентлаг мэдээлжээ. Тодруулбал: “Rio Tinto” эзэмшдэг төслийнхөө тодорхой хувийг “Chinalco”-д санал болгох бол “Chinalco” хариуд нь “Rio Tinto”-д эзэмшдэг хувьцааныхаа мөн тодорхой хувийг буцаан шилжүүлнэ гэсэн үг юм. Одоогоор БНХАУ-ын Төрийн өмчит “Chinalco” компани “Rio Tinto”-ийн нийт хувьцааны 11 хувийг эзэмшиж байна.
Яах гэж?
“Rio Tinto” хувьцаагаа буцаан авснаар хөрөнгийн хуваарилалтаа өөрчилж, илүү шийдэмгийгээр нэгдэн нийлэх, худалдан авах хэлцэл хийх боломж нь нэмэгдэх юм. “Rio Tinto”-д эзэмшдэг “Chinalco”-ийн хувь хэт өндөр тул сүүлийн 15 жилийн хугацаанд стратегийн томоохон шилжилт хийхэд нь сорилт болсоор иржээ. БНХАУ-ын компани 2008 онд “Rio Tinto”-ийн Лондонд давхар бүртгэлтэй компанийн бараг 15 хувьтай дүйцэх хувьцааг худалдан авч байв.
Наймдугаар сард “Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж буй Саймон Тротт компанийнхаа бүтэц, зохион байгуулалтыг оновчилж, зардлаа танах зорилго тавиад байгаа юм.
Үүнээс гадна “Pentwater Capital Management” зэрэг активист хөрөнгө оруулагчдын зүгээс “Rio Tinto”-ийг давхар бүртгэлээ цуцалж, засаглалын илүү энгийн бүтэцтэй болохыг шаардаж буй.
Хэнд ашигтай вэ?
“Reuters” агентлагийн тодотгосноор “Chinalco” компани “Rio Tinto”-ийн төмрийн хүдрийн "Simandou" уурхай, Монголын зэсийн "Оюутолгой" төсөл, эсвэл “Rio Tinto”-ийн титаны бизнест хувь эзэмшихээр сонирхож магадгүй гэжээ.
“Bloomberg Intelligence”-ийн шинжээч Мишель Люнгийн үзэж буйгаар хэлцэл амжилттай болбол “Chinalco”-ийн “Rio Tinto”-д эзэмших хувь 8-9 болж буурах боломжтой бөгөөд үр өгөөжийн хувьд БНХАУ-ын компанид илүү ашигтай тусах аж. “Chinalco” нь ялангуяа Оюутолгой төсөлд хувь эзэмшиж чадвал бизнесээ төрөлжүүлэх зорилтод нь томоохон давуу тал болохыг тэрбээр мөн онцолжээ. Тус компанийн төлөвлөгөөнөөс харвал дунд хугацаандаа нийт борлуулалтынх нь 70 хувийг хөнгөн цагаан эзлэх бол 10-15 хувийг нь зэс эзлэхээр байна.
Хэрэв хэлцэл урагшилж, “Chinalco” Оюутолгой төсөлд хувь эзэмшихийг сонголоо гэхэд “Rio Tinto”-ийн Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг эргэн харах шаардлага үүсэх тул энэ хувилбар нэлээн төвөгтэй байхаар байна. Гэрээний 10 болон 12 дугаар зүйлд Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр төслийн хувь эзэмшилд өөрчлөлт оруулж, эсвэл шилжүүлбэл гэрээг дуусгавар болгох тухай тусгасан байдаг.