
Зургийг: Pool/Bloomberg
(Bloomberg) -- Японы Либерал Ардчилсан намын дарга Санаэ Такаичи мягмар гарагт Парламентын Доод танхимын санал хураалтаар гишүүдийн олонхын дэмжлэгийг авч Ерөнхий сайдын албан тушаалд сонгогдлоо.
Хууль тогтоох гол эрх мэдэл төвлөрдөг Доод танхимын санал хураалтад 237 гишүүн Санаэ Такаичиг дэмжиж санал өгснөөр Ерөнхий сайдаар томилогдоход шаардлагатай босгыг дөрвөн саналын илүүгээр давсан байна.
Ийнхүү тэрбээр эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо харьцангуй бага байсаар ирсэн Япон улсын анхны эмэгтэй Ерөнхий сайд болж, түүхэнд бичигдэхээр болов. Инфляцын өндөр түвшин, гадаад аюулгүй байдлын эгзэгтэй нөхцөл, дотоодын улс төрийн тогтворгүй байдал зэрэг нь Санаэ Такаичигийн бүрэн эрхийн хугацаанд тулгарах эхний сорилтууд байх төлөвтэй байна.
Тэрбээр өнөөдөртөө багтааж Засгийн газрын бүрэлдэхүүнээ зарлаж магадгүй байгаа аж. Харин ирэх өдрүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Япон улсад хийх айлчлал зэрэг цуврал дипломат арга хэмжээнүүдэд оролцохоор байна.
Дээрх мэдээллийн дараа Японы хөрөнгийн зах зээлийн индексүүд шинэ дээд түвшинд хүрээд байгаа бол иений ханш ам.долларын эсрэг 0.3 хувиар суларсан хөдөлгөөнтэй байна.
Sakura Murakami