
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах УИХ-ын тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд бүхэлд нь хориг тавьсныг Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдээллээ. Огцруулах асуудлыг хэлэлцэхдээ УИХ-ын гишүүдийн тавьсан саналаар биш Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэсэн нь “Үндсэн хууль зөрчих нөхцөл бий болгосон” гэж хориг тавьсан гол үндэслэлээ тайлбарлажээ.
Түүнчлэн УИХ-ын чуулганы хуралдааны хүчин төгөлдөр ирц бүрдээгүй байхад ирцийг өмнөх өдрийнхөөр үргэлжлүүлэн тооцож, сунган хуралдаж шийдвэр гаргасан нь Үндсэн хууль болон УИХ-ын дэгийн тухай хууль зөрчсөн гэж үзсэн байна.
Одоо яах билээ?
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах, эсвэл буцаах эсэхийг УИХ-ын чуулган ажлын 14 хоногийн дотор хуралдаж шийдвэрлэнэ. Хэрэв хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3 нь Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй гэж санал өгвөл Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр хэвээр үлдэж, эс бөгөөс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсанд тооцох юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацаанд дөрөв дэх удаагаа хориг тавих эрхээ эдэлсэн нь энэ бөгөөд сүүлд “Алт-3” аяныг хэрэгжүүлэх тогтоолд хэсэгчилсэн хориг тавьсныг УИХ хүлээн авсан юм.
Үүнээс гадна энэ лхагва гарагт Ерөнхий сайдыг огцруулсан асуудал Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна.