
УИХ-ын чуулганы баасан гарагийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг, үдээс хойших хуралдаанаар УИХ-ын 13 дахь дарга Д.Амарбаясгаланг огцруулах шийдвэрт хүрснээр улс төрийн бүлэглэл хоорондын зөрчлөөс эхтэй засаглалын хямрал улам гүнзгийрлээ.
“Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжье” гэдэг томьёоллоор явуулсан санал хураалтад 111 гишүүн оролцож, 71 гишүүн буюу 64 хувь нь эсрэг санал өгснөөр Г.Занданшатарыг огцорсонд тооцов.
Зарим гишүүний зүгээс энэхүү саналын томьёолол нь Үндсэн хууль зөрчсөн гэж эсэргүүцэж байна. Тодруулбал: Байнгын хорооны саналыг УИХ-д зөвхөн танилцуулж, УИХ Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих эсэхээр санал хураах ёстойг Үндсэн хуулийн 43 дугаар зүйлд заасан байдгийг онцолж байв. Үндсэн хуулийн цэцэд уг маргаан хүрсэн тул Цэцийн дүгнэлтээс шалтгаалж УИХ-ын шийдвэр баталгаажих, эсвэл хүчингүй болох магадлалтай.
Харин өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өргөдлийг хүлээн авах эсэх тухай санал хураалтад 114 гишүүн оролцож, 102 нь түүнийг огцруулах нь зүйтэй гэж үзлээ.
АМНАТ тооцох хувь хэмжээг өөрчлөхдөө УИХ-тай зөвшилцөөгүй, Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоо нь Үндсэн хуулийн заалт зөрчсөн зэрэг үндэслэлээр Г.Занданшатарыг огцруулах санал гаргасан. Харин нөгөө талд УИХ-ын дарга “нүүрсний” гэх хэрэгт холбоотой гэх мэдээлэл тархсан тул хуулийн байгууллагаар шийдүүлэх хүртэл УИХ-ыг Д.Амарбаясгалан удирдах нь ёс зүйд нийцэхгүй гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзсэн юм.
Бондуудын ханш унав
2026 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх, ажил хаялт зарлаад байгаа багш эмч нарын асуудлыг шийдвэрлэх зэрэг нэн чухал ажлууд давхцаад буй энэ үед Монгол Улсын улс төр ийнхүү орвонгоороо эргэлээ. Хуульд зааснаар дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох ёстой бөгөөд тэр хүртэл хугацаанд үүрэг гүйцэтгэгчээр ажиллахыг Г.Занданшатарт даалгасан. Харин УИХ-ын дараагийн дарга сонгогдох хүртэл УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа түр орлон гүйцэтгэгчээр ажиллахаар болов.
Тодорхойгүй байдал ноёлсон энэ үед Монгол Улсын Засгийн газраас олон улсад гаргасан бондуудын ханш унаж байна.
Өнгөрсөн долоо хоногийн эхнээс хойш хамгийн богино хугацаатай 2026 онд хугацаа нь дуусах бонд уналтад орж, өгөөжийн түвшин нь 30 гаруй суурь нэгжээр өссөн байна. Ирэх оны төсөв батлагдах хугацаа ойртож буйтай зэрэгцээд хөрөнгө оруулагчид эрсдэлээ дахин тооцоолж, цэвэр дүнгээр бондын зарах урсгал нэмэгджээ. Энэ нь бонд эзэмшигчид санхүүжилт болон эргэн төлөлтийн эрсдэл нэмэгдсэн гэж үнэлж буйн илэрхийлэл болж байна.
Баасан гарагийн арилжаагаар бондууд түр хугацаанд тогтворжиж байсан төлөвтэй байсан ч богино болон дунд хугацаатай бондуудын ханш бүгд унав.