
Зургийг: Troy Minerals
Канадад төвтэй “Troy Minerals” компани Монгол дахь "Цагаан залаа" цахиурын төсөлдөө олборлолтын гол зөвшөөрөл авахад ойртсоноо мэдээллээ. Тодруулбал: тус компанийн Монгол дахь охин компани "Grand Samsara Consulting" нь "Цагаан залаа" орд газрыг Ашигт малтмал, газрын тосны газарт албан ёсоор бүртгүүлсэн байна.
Энэ нь олборлолтын тусгай зөвшөөрөл хүлээн авахад шаардлагатай нэн чухал алхам болсон бөгөөд ирэх долоо хоногуудад Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, Нийгмийн хариуцлагын гэрээ байгуулах, тэсэлгээний зөвшөөрөл авах зэрэг зохицуулалтын үлдсэн үе шатуудыг эцэслэхийг зорьж байгаагаа онцолжээ.
"Бүх зүйл саадгүй явагдвал 2026 оны эхээр тусгай зөвшөөрлөө хүлээн авч, төлөвлөгөөний дагуу хоёрдугаар сарын эцэс, гуравдугаар сарын эхээр олборлолтоо эхлүүлнэ гэж найдаж байна" хэмээн “Troy Minerals” компанийн Ерөнхийлөгч Яннис Цитос өгүүлсэн байна.
Өндөр цэвэршилтэй цахиурын "Цагаан залаа" орд нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт, Сайншанд хотоос 95 км зайтай оршдог бөгөөд төслийн талбай нь 1670 га газрыг хамардаг байна.
Өндөр цэвэршилтэй кварцат цахиур (HPQ) нь хагас дамжуулагч, нарны зайн хавтан үйлдвэрлэлд ашигладаг силикон металлын нэн чухал түүхий эд юм. "Цагаан залаа" ордын гадаргаас өндөр цэвэршилтэй кварцын таван метр хүртэлх өргөнтэй маш том судлууд илрүүлснээ “Troy Minerals” мэдээлжээ.