
Зургийг: С.Батсайхан
“Henley & Partners” компани дэлхийн улс орнуудыг паспортын чансаагаар нь эрэмбэлдэг "Henley Passport Index"-ийнхээ 2025 оны жагсаалтыг танилцууллаа.
Тухайн паспортыг эзэмшигчид дэлхийн 227 улс, бүс нутгийн хэдэд нь визгүй зорчих боломжтойгоор чансааг нь тогтоодог тус индексэд Монгол Улсын паспорт 78 дугаарт бичигдэж, өмнөх оны эрэмбээс нэг байр ахижээ. Монгол Улсын иргэд одоогоор 65 улсад визгүй зорчих боломжтой нь Руанда, Бенин, Замби, Сьерра-Леон зэрэг улсынхтай ойролцоо үзүүлэлт юм. 10 жилийн өмнөхтэй харьцуулбал монголчуудын визгүй зорчдог орны тоо есөөр нэмэгдсэнийг “Henley & Partners”-ийн мэдээлэл харуулж байна.
Харин 193 оронд визгүй зорчих эрхтэй Сингапур улсын паспорт энэ онд эрэмбийг дахин тэргүүлж, дэлхийн хамгийн хүчирхэг паспортоор тодорсон бол 190 оронд визгүй зорчуулдаг БНСУ, 189 оронд визгүй зорчуулдаг Япон улсын паспорт удаалжээ.
Түүнчлэн АНУ-ын паспорт сүүлийн 20 жилд анх удаагаа тэргүүлэх 10-ын эгнээнээс хасагдсан нь онцлог болж байна. Цагаачлал, зорчих хөдөлгөөний бодлогоо эрс чангаруулаад тус улсын паспорт өнгөрсөн онд долоодугаарт эрэмбэлэгдэж байсан бол 10 жилийн өмнө чансааг тэргүүлж байлаа.