
Зургийг: Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын “онцгой таалал”-ыг хүртэж, өндөр дүнтэй тарифаар шийтгүүлж байсан Вьетнам улс харин ч улам гялалзаж, дэлхийд тэргүүлэгч технологийн компанийн дараагийн үеийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх цэгээр сонгогдоод байна.
Тус улсын эдийн засаг өнгөрсөн улиралд найман хувь давж өссөний сацуу экспорт нь эрчээ алдсангүй. Түүнчлэн сүүлд “FTSE Russell”-аас Вьетнамын хөрөнгийн зах зээлийг үнэлгээ ахиулж, удаан хүлээсэн “Хөгжиж буй зах зээл” ангилалд оруулснаар олон тэрбумын шинэ капитал урсан орох үүдийг нь нээжээ.
Харин одоо “Apple” компани энэ давшилтад нэгдэж, гэрийн ухаалаг төхөөрөмж болон ирээдүйд гаргах гэрийн роботоо Вьетнам улсад үйлдвэрлэхээр бэлтгэж эхэлжээ. АНУ-ын 46 хувийн тарифын эрсдэлд ороод байсан тус улс өдгөө дэлхийн эдийн засгийн салшгүй нэг хэсэг болсны илэрхий дохио нь энэ болж байна.
“Улс төрийн гацаанд орсон бусад орнуудаас ялгаатай нь Вьетнам улс тарифыг бууруулахаар эрчтэй хөдөлж, бүтээмж болон өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд эдийн засагтаа реформ хийсэн. Ингэснээр Вьетнам тарифын өндөр хувь хэмжээг үл харгалзан “Трамп 2.0”-д ялагчаар тодорлоо. Учир нь улам дордсоор буй АНУ-БНХАУ-ын зөрчлөөс холдож, төрөлжүүлэх хүсэлтэй хөрөнгө оруулагчдын хувьд тус улс гадаадын шууд хөрөнгө оруулалтын таатай орчинд тооцогдож байна” хэмээн “Natixis SA” компанийн ахлах эдийн засагч Тринь Нгуен онцолжээ.
Тус улс дахь “Apple”-ийн төлөвлөгөөний нарийн мэдээлэл ил болоогүй ч тус компани БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “BYD”-тай хамтран гэрийн ухаалаг төхөөрөмж, робот үйлдвэрлэхээр зорьж буйг ойрын эх сурвалж мэдээлжээ. Мөн эцсийн бүтээгдэхүүнд БНХАУ-д үйлдвэрлэсэн эд анги ашиглагдах эсэх нь тодорхойгүй байна. Вьетнам улс Дональд Трамптай тохиролцоонд хүрч, бараа, бүтээгдэхүүндээ 20 хувийн тариф төлөхөөр болсон ч бусад улсын бүтээгдэхүүнийг дамжуулан экспортолсон тохиолдолд 40 хувийн тариф төлөх ёстой болох юм.
Хэдий тийм боловч “Apple”-ийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээр болсон нь Вьетнамын хувьд том амжилт. Чадварлаг, залуу хүн амынхаа ачаар тус улс “Samsung Electronics”, “Nike” зэрэг үйлдвэрлэгчдийг хэдийн татаад байна. Вьетнам улс алсдаа АНУ-ын зах зээлд нийлүүлэгдэх бүх “iPad”, “Macbook”, “iWatch”, “Airpods”-ийг үйлдвэрлэдэг болохыг “Apple”-ийн Гүйцэтгэх захирал Тим Кук өнгөрсөн тавдугаар сард мэдээлж байв.
Nguyen Dieu Tu Uyen, Nguyen Kieu Giang